суббота, 2 октября 2010 г.

ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо -1

“Шинийг сэдэх нууц товчоо” номын хэсгээсээ татаж авахаар Share холбоос тавилаа. Хэрэв бүтнээр нь худалдаж авах бол www.book.gogo.mn дээр тавигдсан байгаа.
Нэгдүгээр бүлэг бүхлээрээ (Өмнөх үг орсон) http://www.4shared.com/file/OL1mncRD/Shiniig_sedeh_nuuts_tovchoo_I_.html
Хоёдугаар бүлэг бүхлээрээ (хавсралтууд орсон) http://www.4shared.com/file/sBSL6pX4/Snihiig_sedeh_nuuts_tovchoo_II.html



Т.Батууг

ШинэСэБО

Шинийг сэдэх нууц товчоо

©2005 by T.Batuug


Өмнөх үг буюу Батуугийн ШинэСэБО

Төмөртогоогийн Батуугийн “ШинэСэБО: Шинийг сэдэх нууц товчоо” номын эхийг уншаад Леонардо Да Винчийн тухай нэгэн бичээс санаанд оров.

“Таван зуу гаруй жилийн өмнө Леонардо Да Винчи эргэлзээгүй галзуу солиотой инженер хөгтэй машинуудын талаар сэтгэж, санаа юугаа олон нүүр цаасан дээр буулгадаг байжээ. Тэр зургууд дотор нисэх төхөөрөмж, усан доогуур шумбах янжуур хэлбэртэй биет хүртэл байжээ” гэж байсан санагдав.

Леонардо Да Винчи олон зууны тэртээхийг төсөөлөн харж чадсан боловч харамсалтай нь түүний амьдарч байсан цаг үе түүний үзлийг хэрэгжүүлэх боломжгүй байжээ. Тэгвэл өнөөдөр байдал өөр байна. Технологийн боломж асар нэмэгдэж уран сэтгэлгээний ямар ч хувилбарыг бүтээл болгон туурвих нөхцөл бүрджээ.

Хүний хүчин зүйлээр хязгаарлагдахаа больсон цаг. Өнөөдөр, маргааш улам сайжирна. Сэтгэх л хэрэгтэй.

Хөрөнгийн капитал хүний капиталтай байраа сольж буй тогтвортой хөгжлийн зуунд хүний нөөцийн хөгжил бүхний зангилаа болж байна. Хүний хөгжлийн өсөлтөд бие бялдарын хажуугаар оюуны бялдар, мэдлэг боловсрол, хүмүүжил, санаачлага, сэтгэлгээ, ур чадвар, чадавхи, туршлага зэрэг цогц чанаруудыг чухалчах болж буй орчин цагийн шинэ төрх. Эдгээр чанаруудын дотроос хүний шинийг сэдэх чадварыг хөгжүүлэх аргыг онолтой нь холбож сэтгэлгээний хөгжлийг хурдасгах, ухаанаа задалж оюунаа задалж оюуныхаа бяр системийн хоцрогдлыг сэтгэлгээний түрүүлэлтээр арилгаж ноосферийн хөгжлийг түргэтгэх зорилтыг энэхүү номыг зохиогч Төмөртогоогийн Батууг хүү зорьжээ.

Монгол оронд өнгөрсөн зууны 60-70 онд идэвхтэй өрнөсөн техникийн дэвшлийн хөгжилтэй холбоотой нэгэн хөдөлгөөн бол ШБОС (шинэ бүтээл оновчтой санал) байлаа. ШБОС- ийн онцлог нь аливаа системийг, бусдын бүтээсэн техник хэрэгслийг, технологийг боловсронгуй болгох өөрийн нөхцөлд нутагшуулах, үр ашигтай эзэмших чиглэлтэй байлаа.

Т.Батуугийн ШинэСоБО- гийн онол нь хүмүүний сэтгэлгээний царыг тэлэх, техникийн болоод сэтгэлгээний системийг инновацлах шинэ чиглэлийн хөгжлийг агуулснаараа ШБОС- оос ялгаатай байна.

ШБОС- д инновацийн шинж дутдаг. Техникийн нэг систем дээр суурилсан оновчтой хэлбэрүүдээр баяжуулж боловсронгуй болгох, тухайн системийг төгөлдөржүүлэх их л бодож хувьсгах хүрээнд эргэлдэнэ.

Аж үйлдвэрийн хувьсгал эхлээд зуур гаруйхан жил өнгөрч байхад байгаль орчны эвдрэл “аймаар” хэмжээнд хүрчихээд байна. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл аж үйлдвэрийн зууны техникийн дэвшил нь ШБОС- ын шинжтэй удаан үргэлжилсэн “техноген” загвартай байсных ажээ.

Тэгвэл ХХI зууны тогтвортой хөгжлийн загвар нь байгаль орчинд ээлтэй техник технологийн системийг бүтээх инновацийн шинжийг агуулсан байх шаардлагатай боллоо. Энэ шаардлагыг хангахад шинжлэх ухааныг өөрийг нь инновацчлах явдал чухал байна.

Т.Батуугийн ШинэСэБО нь энэхүү шинжлэх ухааны инновацчлал руу чиглэсэн алхамын нэг гэж үзэх үндэстэй байна. ШинэСэБО нь өөрийн гэсэн судлагдахуунтай, судалгааны аргатай, өөрийн гэсэн хэлтэй, мэдээллийн сантай, шинжлэх ухааны шинжийг бүрэн агуулж байна.

Тэх тусмаа ШинэСэБо нь экологи, технологи, эдийн засаг, тогтвортой хөгжил, информатик зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр сэтгэлгээний хүчийг хуримтлуулан шинийг бүтээж өөрийгөө болоод бусдыг гаргуунд нь гаргахгүй, өнөөдрийн төлөө ирээдүйг сүйтгэхгүй, айх аюулгүй, гачигдах дутагдах зүйлгүй, урт наслаж удаан жаргах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны залуу салбар болон хөгжих тавилантай юм байна.

Удирдлагын шинжлэх ухаанд сүүлийн үед орж ирж буй зөн билиг буюу мэдрэмжийн тухай ойлголт их газар авч байна. Зөн билиг мэдрэмжгүйгээр, хөгжлийн ойрын ба алс хэтийн байдлыг үнэлж үзэхгүйгээр үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэх асуудлыг зөв төсөөлөх, шийдвэрлэх нөхцөлгүй юм.

Алсын хараатай байхыг хүний хөгжлийн гол үзүүлэлт болгож буй өнөөгийн шаардлагад нийцэхийн тулд доктор Б.Кристхольмийн (Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Газрын Ерөнхий захирал) хэлснээр “Нээгдсэн оюун ухаантай хүн гэж өөрөөсөө хойш хоёр үеийг харж чадах хүнийг л хэлж болох юм.” гэсэн хэмжээнд хүрэх хэрэгтэй байна.

Залуу мэргэжилтнүүдийг, судлаачдыг ийм түвшинд хүрэхэд Т.Батуугийн ном тус болох нь дамжиггүй. Энэ ном жор биш арга. Энэ аргыг эзэмшихэд системийн сэтгэлгээний хэд хэдэн зарчмыг санахад илүүдэхгүй байх. Тухайлбал:

- Хэтийг төсөөлөх зарчим нь тухайн системийн одоогийн байдлыг мэдээд зогсохгүй, мэдэгдэж байгаа үзүүлэлт, оношинд тулгуурлан түүний ирээдүйд байх хамгийн найдвартай төлөвийг төсөөлж инноваци хийхэд орших ёстой.

- Эрчимжилтийн зарчим системийн тухайн үед байгаа байдлыг мөнх юм шиг үзэлгүй, түүний шинж чанар анхныхаасаа эсрэгээр өөрчлөгдөж болохыг тогтооход оршино.

- Нөхөлтийн зарчим гэж буй. Энэ нь аливаа үйл ажиллагааны үр дүнг түүний шууд үр ашгаар дүгнэхийг буруу гэж үздэгт оршино. Эдийн засгийн үр ашиг нь экологид сөрөг үр дагавартай байх гэх мэтчлэн.

Хүний хөгжлийг нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр биш, амьжаргааны чанараар дүгнэх ёстой гэж үзэх. Эл зарчим нь эцсийн дүнд цомхотгосон интеграль үр ашгийг харгалзан дүгнэхийг шаарддаг.

Т.Батуугийн ШинэСэБО- гийн ШБОС- оос ялгагдах зарчим энэ буюу. Инновацид хязгаар байхгүй гэдгийг “давааны цаана даваа” гэж оновчтой хэлснийг хүрсэн түвшиндээ яаран бүү хана, цааш нь үргэлжлүүлэн сэтгэ, бод, бүтээ, туурви гэж Т.Батууг биднийг уриалан дууджээ хэмээн ойлгоцгооё.

Залуу инженер Т.Батуугийн ШинэСэБО үнэхээр шинийг сэдэх нууц товчоо болох болтугай.

Монгол Улсын Инженерийн Академийн

Ерөнхийлөгч доктор, профессор

Пунсалмаагийн Очирбат

Өмнөтгөл

Социализм нуран унаж, дэлгүүрийн лангуу бор давснаас өөр зүйлгүй байсан тэр цаг үед буюу 1990 оны орчим би Евгении Муслин зохиогчтой “ХХ зууны машин” гэсэн номын монгол орчуулгыг олж уншсан маань саяхныг болтол миний ширээний ном байсан юм. (Энэ номыг А.Гөлгөөмонгол хэлнээ орчуулжээ.)

Энэ номд нэгдүгээрт, техникийн систем, техник нь хөгждөг өөрийн жам ёстой байдаг гэсэн санаа туссан, хоёрдугаарт , энэ жам ёсоор шинээр үүсч байгаа ирээдүйн машины олон загварууд байдгаараа онцлог юм. Эдгээр олон загвараас миний хамгийн их сонирхсон нэг бүтээл нь дулааны хоолой юм.

Анх дулааны хоолойг галладаг, талх жигнэх зуухны дотор гадаргуугийн дулааныг жигд байлгах зорилгоор Америкт бүтээжээ. Энэ хоолой нь ямар ч хөдөлгүүр, насос, хаалт, мэдрүүл байхгүй мөртөө их биш зайд дулааныг асар хурдан дамжуулдаг, ингэхдээ дулаанаа тодорхой хэмд барьж чаддаг зэрэг гойд чанартай гэж бичсэн байлаа. Гойд чанар гэдэг нь дулааныг хамгийн сайн дамжуулагчдын нэг, бидний мэдэх зэсээс бараг мянга дахин их дулаан дамжуулдагт оршино.

Тэгээд ийм үнэмшмээргүй чадвартай хоолой маань маш энгийн, хөгийн гэхээр бүтэцтэй байсныг би их сонирхож, тэгсэн хэр нь энэ хоолойг чухам юунд хэрэглэхээ олохгүй байсаар интернет миний өдөр тутмын хэрэглээ болсон өнгөрсөн 2004 оны сүүл хүргэв. Эцэст нь нөгөөх дулааны хоолойнхоо талаар интернетээс хайж (орос хэл дээрхи хайлтын системwww.rambler.ru), техникт одоо ямар зориулалтаар хэрэглэж байгааг сонирхож үзвэл бараг хэдэн зуун сайтын хаяг олдсон боловч ганцаас бусад нь зөөврийн компьютерийн хөргөлтөнд ашигласан, өөрөөр хэлбэл, сэнсгүй хөргөлт бүхий чимээгүй нөүтбүк хийсэн тухай байв.

Энэхүү үлдсэн ганц сайтыг нээж үзвэл, өнөө дулааны хоолойг маань төгс төгөлдөр шийдлийн нэг жишээ болгон бичсэн, энэхүү, Танд өдгөө сонирхуулан буй онолоорхи өөрөө сурах гарын авлагатай сайт байсан юм. Тэрхүү гарын авлагыг нь би компьютертаа татаж авч анх энэ онолтой танилцсан билээ.

Улмаар энэ онолын нэр болон онолыг үндэслэгч Г.С.Альтшуллерийн нэрээр түлхүүр үг өгөн хайж энэ сэдвээрх хоёр ч номыг нэмж хуулан авсан юм. Олсон номуудаа уншихад, энэ онол монгол хэлээр байдаг ч болоосой гэх бодол төрж, Улсын нийтийн номын сангийн каталогт хайсан ч олоогүй юм. Иймд эдгээр номоо өөрөө орчуулахаар шийдээд эхний номныхоо нэгдүгээр бүлгийг бараг л нэг амьсгаагаар дуусгасан мөртөө цааш нь үргэлжлүүлэхээ түр хүлээж зохиогчоос нь орчуулах зөвшөөрөл авахаар захиа бичив.

Хүлээсэн нь ч зөв болж зохиогч маань орчуулах зөвшөөрлийг “...зөвхөн хэвлэлийн газартай гэрээ хийж...” өгнө гэсэн байлаа. Нөгөө хоёр номын зохиогч болон зохиогчийн эрх эзэмшигч нар миний захиаг сонирхсон хэдий ч номоо бус харин энэ онолын нэр томъёог эхэлж орчуулах зөвлөгөөг өгсөн юм. Би зөвлөснийх нь дагуу Г.С.Альтшуллер сангийн сайтад орж, ёстой л монголоос бусад бараг бүх хэлээр энэ онолын нэр томъёо орчуулагдсныг үзэж мэдэн өөрийгөө, өөрсдийгөө хир хоцрогдсноо ойлгож билээ...

Энэ үед эдгээр гурван ном тус бүрийн сайн, муу талууд нь надад илэрхий болж, аль нэг номыг шууд орчуулалгүй, харин энэ номнуудаа ашиглан энэхүү онолыг анх сонсож байгаа уншигчдад ойлгомжтойгоор хялбаршуулан, өөрийнхөөрөө бодлого жишээнүүдийг аван шинээр ном зохиоё гэж шийдсэн юм. Ингээд сэтгэхүйн аугаа хүчирхэг зэвсэг гэж үнэлэхүйц энэхүү асар том онолын бяцхан танилцуулга төдий товхимолоо уншигч Таны гар дээр өргөн барьж байна. Өөртөө ахдах энэ том ажлыг барьж аван бие дааж ном бичихэд анх зөвлөгөө өгөн зоригжуулсан багын найз Ганаадаа талархсанаа уламжлая.

Эрхэм уншигч Танаа

Үнэнийг өгүүлэхэд энэ номыг бичих үү, үгүй юу гэж бодсон удаа надад бий. Учир нь би ном бичих ажлын хүндээс шантарсандаа биш, харин энэхүү хүчирхэг онолыг бусдад зүгээр л дэлгэрүүлээд өгчихөж болж байгаа юм уу гэсэн нөгөө л муухай монгол зан миний дотроос цухалзсных юм. Гэвч би өөрийн сэтгэхүй дэхь энэ “монгол тамгаа” ялан дийлж чадсаны баталгаа нь Таны одоо нээж уншин буй энэ ном болох биз...

Яагаад зарим хүмүүс амьдралдаа арчтай, хийсэн болгон нь бүтэлтэй, дандаа түрүүлж шинийг сэдэж, дандаа бусдаас түрүүлж асуудлыг шийдэж чаддаг юм бэ? Бурхнаас заяасан гоц авъяастайдаа ингэж чадаж байна уу?

Үгүй ээ, харин тэд гүйлгээ ухаантай, юмны эвийг олж сурсанд л хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл техникийн систем хөгжих өөрийн хууль, зүй тогтолтой байдгийн зарим нэгийг тэд эзэмшиж чадсанд хэргийн гол оршино. Гэхдээ тэдгээр шинийг сэдэгчид яаж ийм зүйл хийж чаддагаа өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй нь сонирхолтой.

Дээрхээс үзэхэд бид бүгдээрээ шинийг сэдэж чадах уу, тэдгээр хүмүүсийн чадаж байгааг бусад нь сурч болох уу гэсэн асуулт тавигдах нь зүй ёсны юм.

Энэ асуултад, орчлонгийн аливаа болгон түүний дотор техникийн систем ч гэсэн хөгжих бодит хуулиудтай, түүнийг нь хүн болгон танин мэдэж, улмаар бид бүгд шинийг сэдэхийг сурч, шинээр сэтгэж, сэтгэлгээгээ өөрчилж амьдралаа өөд нь татаж болно гэж хариулж байна.

Техникийн систем хөгжих хуулийг танин мэдсэн бүхэн шинэ бүтээлүүд төрүүлж, патент эзэмшигч болдог тухай, мөн энэ хуулиудыг хэрхэн эзэмших тухай, шинийг сэдэх нь хэн бүхний өдөр тутам хийж чадах зүйл болох тухай, ингэснээр хүн болгон амьдралаа өөрчилж, сайн сайхан амьдарч чадах аргуудын тухай энэ номд өгүүлсэн юм.

Техникийн системийн зүй тогтлыг танин мэдэж шинийг сэдэх энэ арга, энэ онол нь хүний амьдралын бусад салбарыг ойлгож, шинээр сэтгэхэд ч мөн адил үйлчилнэ.

Номыг хамгийн өргөн олон, эгэл уншигч болох сурагч оюутнууд, инженер техникийнхэн, бизнес уран бүтээлчдэд зориулан бичлээ. Иймд уншигч Та хэн ч байсан өөрийгөө гололгүйгээр биеэ дайчлаж уншихийг хүсье.

Номын эхний бүлэгт энэ онол үүсэх хөрс суурь, техникийн систем хөгжих хуулиуд, техникийн системийн ажиллах чадварт шинжилгээ хийх тухай болон шинийг сэдэх мэх, арга, зарчмуудын тухай товчлон өгүүллээ.

Хоёрдугаар бүлэгт хэвшмэл хөшүүн сэтгэлгээ нь шинийг сэдэхэд хэрхэн саад болдог, хэрхэн шинээр сэтгэх тухай, мөн түүнчлэн өмнөх бүлэгт үзсэн арга, мэх, зарчмаар шинийг сэдэх алгоритмын тухай авч үзлээ.

Эрхэм уншигч Та техникт дур сонирхолтой нэгэн аваас эхний бүлгээс эхлэн уншихийг зөвлөе.

Хэрэв Та нийгмийн салбарт илүү сонирхолтой бол шууд хоёрдугаар бүлгээс уншихийг санал болгож байна.

Шинийг сэдэх тухай бичихэд жишээ таталгүй, бодлого хавсаргахгүй байх аргагүй юм. Номыг сонирхолтой болгох үүднээс зориудаар төрөл бүрийн жишээг сонголоо. Гэхдээ сонгосон жишээ, бодлогуудыг ойлгох болон бодоход арван жилийн сургуулийн физикийн мэдлэг л Танд бүрэн хангалттай байх болно.

Шинийг сэдэх бодлогууд нь олон хариутай байдаг тул Таны олсон хариу номны хяналтын хариунаас өөр ч байж болох юм.

Эрхэм Та гадаад хэлэнд авъяастай, хос морьтой нэгэн аваас шинийг сэдэх талаархи мэдлэгээ дан ганц энэ номоор хязгаарлалгүй, гадаад хэлээрх номуудыг уншиж танилцана гэдэгт олигтой ч орос хэлгүй мөхөс би итгэж байна. Танд амжилт хүсье.

Нэгдүгээр бүлэг

§ 1.1 Хэн шинийг сэддэг вэ

...Эртээ урьд цагт нэгэн сургууль байжээ. Энэ сургуульд дуртай үедээ хэн дуртай нь үедээ орж сурч болдог бас хүссэн үедээ гарч болдог байв. Энэ сургуульд багш, захирал ч байхгүй, тэгээд зогсохгүй сургууль төгсөгчид нь ямар мэдлэгтэй болж төгсөхөө ч, сургуулиа төгсөж чадах эсэхээ ч мэддэггүй байв. Ийм сургууль хаа ч байхгүй хэмээн Та бодож байгаа байх, тийм ээ үнэхээр байдаггүй. Өвчтөн нь хүнд өвчнөөр хариугүй нас барах гэж байхад нь “Таныг хэн эмчлэх ёстойг би мэдэхгүй, яаж эмчлэхийг ч бас би мэдэхгүй, хэнээс асууж мэдэхийг нь бүр ч мэдэхгүй” гэж хэлдэг эмчтэй эмнэлэг байж болох уу? Мэдээж ийм эмч байж болохгүй, ийм эмчтэй эмнэлэг ч байж таарахгүй.

Тэгвэл өнөөгийн шинийг сэдэгчид дээрх хоёр зүйрлэлтэй тун ч төсөөтэй, замбараагүй, төлөвлөгөөгүй, сэдэж байгаа зүйлээ хэзээ дуусахыг нь мэддэггүй, хэр “шинэ” болохыг нь мэддэггүй, амьдралд нэвтрэх эсэхийг нь ч бас мэддэггүй байдалтай байна.

Урьд хэн ч мэддэггүй зүйлсийг сэдэж олох нь нээлт юм. Нээлт гурван янз байдаг тухай би уншсан юм байна. Эхлээд бүх хүмүүсийн мэддэг энгийн зүйлсийг өөртөө нээнэ, дараа нь цөөхөн хүн мэдэх төвөгтэй зүйлийг олж нээнэ, эцэст нь хэний ч олж мэдээгүйг нээнэ.

Хүн нийгмээрээ амьдардаг гэдэг нь тодорхой. Хүн төрөлхтөн нийгмээрээ амьдрахдаа байгалийнхаас ялгаатай, өөрийн гэсэн тодорхой хүрээлэн орчинг үүсгэж, энэ орчиндоо амьдарч, басхүү энэ орчингоо улам хөгжүүлж иржээ. Бидний амьдралд өдөр тутмын хэрэгцээтэй зүйлс үлгэр домгийн шидэт саваагаар дохисон мэт тэнгэрээс бий болдоггүй. Ширээ, сандал, хувцас, хоол, нисэх онгоц, буу зэвсэг энэ бүгдийг урьд өмнө хэн нэг нь бүтээсэн, одоо ч өдөр болгон шинэ гар утас, шинэ тэрэг, шинэ техник зохиогдсоор байна.

Эдгээр шинэ зүйл болгоныг хорвоод мэндлүүлж байгаа хүмүүс нь шинийг бүтээгчид юм. Шинэ юм болгон эхлээд шинийг сэдэгчийн оюун ухаанд мэндэлдэг. Дараа нь энэ шинэ санааг зохион бүтээгч инженерүүд амьдралд нэвтрүүлдэг. Бодож тунгаахын чухлыг “баавгай байшингаа барьж дуусаад орох гэтэл байшингаа хаалгагүй барьсан байжээ” гэж үлгэрт хүртэл сануулж байна.

Харин зохион бүтээгчийн шинийг сэдэгчээс ялгарах ялгаа нь тэд урьд бүтээгдсэн зүйлийг томруулж, жижгэрүүлж өөрчилдөг хүн юм. Минийхээр бол зохион бүтээгч нь шинийг сэдэгчийн оюуны өмч- шинэ бүтээлийг түрээс маягаар эзэмшиж байгаа л хүн юм.

Манай нүүдэлчин өвөг дээдэс маань өдөр тутам хувьсан өөрчлөгддөг хатуу ширүүн амьдралтай байнга тулгарахдаа шинийг сэдэх шаардлагатай үргэлж таарч явжээ. Энэ шаардлагыг амжилттай шийдсэн нь тухайн хүнд хэцүү нөхцөлд амиа аварч, улмаар авралын тэрхүү шийдэл нь бусад ардуудад түгэн тархаж байжээ. Ингэж тархахдаа зарим тохиолдолд онцгой жор, технологийг нийтэд зориулсан номон дээр тойм төдий дурьдаж, зөвхөн үр хүүхэддээ буюу итгэсэн шавьдаа дамжуулан заадаг, одоогийн бидний ноу-хау гэдэг шиг ойлголт тэр үед ч бас байжээ. Ийм уламжлалаас болж болд төмөр ширээх, дарь үйлдвэрлэх арга гэх мэт эртний зарим технолог бидэнд уламжлагдан ирсэнгүй мартагджээ. Зөвхөн бид ч бус эртний уламжлалт соёл, гар урлагаараа алдартай өмнөд хөршийн маань гангар шаазан үйлдвэрлэх арга ажиллагаа ч мөн адил мартагдаж тасарсан байна.

Өвөг дээдэс маань тулгарсан зорилтыг шийдэхдээ ихэнх тохиолдолд ямар нэг зүйл гаднаас нэмэлгүйгээр хамгийн энгийнээр уг асуудлыг шийдэж байсан нь бидний сонирхож буй энэ онолтой нийлдэг төдийгүй байгаль орчинд хоргүй харин ч зохицсоноороо өнөө үеийн олон судлаачийн анхаарлыг татаж байна.

Хэдэн зуун, мянганаас уламжилсан монголчуудын эдлэл, хэрэглэл болох монгол дээл, дээлийн товч, монгол эмээл, монгол гэр, морин хуур, монгол эсгий гэх мэтийг арга нь бидний нүдэн дээр илт өөрчлөгдөн хөгжиж байна. Жишээлбэл монгол дээлийг торгон савхи, ямааны ноолууран бөсөөр урлаж байхад дээлний товч нь цул цутгамал байхаа больж хөндий гагнууртай боллоо. Монгол гэр эсгий үүдээ халж хаалгатай, модон шалтай, төмөр зуухтай болоод зогсохгүй, ганцхан баганатай болж эхэллээ. Монгол эмээлийг углуургадаж хийдэг арга гарсан байна. Морин хуур маань ч ширэн царны оронд модон цартай, морины дэл сүүлний хялгасаар биш нийлэг утсаар хийсэн чавхдастай, чавхдасаа механикаар чангалагч чихтэй болж байна. Монгол эсгийг морь, тэмээгээр бус харин машинаар татдаг болжээ. Малчин ардын аж амьдралд ч өөрчлөлт гарч, тавиадхан жилийн өмнө хэн ч мэддэггүй байсан ямааны ноолуур өнөөдөр амьжиргаа залгуулж байна.

Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлт маш эрчтэйгээр тасралтгүй явагдаж байгаа төдийгүй цаашид улам хурдсах нь тодорхой.

Шинийг сэдэлтийн үр дүнд техникийн загвар, барааны тэмдэг, жүжиг, кино, дуу гэх мэт оюуны өмч болох шинэ бүтээлүүд үүсдэг. Гэхдээ шинэ бүтээлийн гол шинж нь төрөөс (Оюуны Өмчийн Газраас) гэрчилгээ авахад биш, харин амьдралын хатуу шалгуурыг давахад байна.

Шинийг сэдэх нь оюуны өмч үүсгэж байгаа учир энэ нь нэгэн төрлийн үйлдвэрлэл мөн. Тэгэхээр энэ үйлдвэрлэл цэгцтэй, төлөвлөгөөтэй явагдах ёстой. Төлөвлөгөөтэйгээр шинийг сэдэх гэнээ гэж Та намайг шоолж байна уу? Бүү яараарай.

Нөгөө талаас авч үзвэл, шинийг сэдэх нь хувь хүний уураг тархины идэвхтэй, чиглэсэн үйл ажиллагаа, тодруулбал, мэдээллийг боловсруулах эсвэл суралцах мэтээс онцын ялгаагүй л үйл ажиллагаа юм. Тухайн үедээ монголд ганц ч роман байдаггүй, зохиолчид маань яаж бичдэгийг нь мэддэггүй байсан бол одоо “Монгол роман” гэсэн тусгай сэтгүүл хэвлэгддэг болж, зохиолчид бүгд роман бичиж “сурчээ”. Тэгэхээр цаашдаа шинийг сэдэх гэж нэрлэдэг, сэтгэхүйн энэ үйл ажиллагааг ч гэсэн хүссэн хүн бүр сурч, сурснаа төлөвлөж, үүнийхээ дагуу оюуны өмчийн “төлөвлөгөөт үйлдвэрлэл” эрхэлж болох нээ. Ингэхдээ дэндүү хялбарчилж, “Ирлээ, үзлээ, яллаа” эсвэл “Гарлаа, дэвлээ, хаялаа” гэдэг шиг томъёолон ойлгож бас болохгүй байх аа.

Уураг тархины ердийн гэж нэрлэмээр үйл ажиллагаа- бүтээн туурвих, шинийг сэдэх нь өнөөг хүртэл урсгалаараа, удирдлагагүй явж ирсэн байна. Нэр алдартай ч бай үгүй ч бай шинийг сэдэгч маань “Толгойд юу ч орохгүй байна... “ гэвэл ард бидэн маань хүлээж суудаг, иймэрхүү л байдалтай эдүгээг хүрчээ.

♦ Өнгөрсөн зууны далаад онд Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрт төрийн шагналт, зохион бүтээгч Пүрэвдаш гэж алдартай хүн байлаа. Энэ хүн монгол гэрийн тооно, хана, унь гээд бүх модон эдлэлийг үйлдвэрлэлийн аргаар хийдэг иж бүрэн цехийг зохион бүтээсэн нь угтаа жинхэнэ үүнийг хийх ёстой баймаар ямар ч инженерээс хол давж гарсан хэрэг. Шинийг санаачлагч Пүрэвдаш ямар ч тусгай боловсрол эзэмшээгүй мөртөө шинийг сэдэхэд тулгарсан зорилтыг шийдэхдээ ямагт өвөрмөц атлаа энгийн санаа дэвшүүлдэг байсан нь түүний монгол эмээлийг үйлдвэрлэлийн аргаар хийхдээ, хосолж ургасан хус модноос ухаж хийдэг аргыг халж, хараацай шаантаг хэрэглэснээр тодордог.

Атомын бүтцийг судлаж, Улаан нүдэн гариг дээр судалгааны хөлөг буулгасан өнөө үед яагаад сэтгэн бодох энгийн үйлдэл- шинийг сэдэх нь урсгалаараа, төлөвлөгөөгүй, бараг л дуртай үедээ, хүссэн болгон “хийдэг”, тэгсэн мөртөө аль хэр шинэ зүйл сэдэж чадсаныг нь хэн ч үнэн зөв дүгнэдэггүй байдалтай байгаа юм бэ?

Учир нь энгийн, хүй нэгдлийн үеэс л хэрэглэж байсан шинийг сэддэг бараг цор ганц арга болох туршилт алдааны аргаа хэрэглэсээр л байгаад байна.

Алдартай суутнууд яагаад этгээд, бараг гажиг гэмээр байдаг вэ? Яагаад гэвэл тэд эртний бөгөөд үр дүн муутайхан, удаан аргаараа хэвийн хүмүүсийн хувьд бараг бүтэшгүй зүйлийг бүтээхээр зорьж, эцэст нь ердийн амьдралын тохь тух зэргээ хүртэл золиослон байж зорьсон зорилгодоо ч хүрдэг, “гажиг, зожиг, галзуу” гэх мэт нэр алдраар ч бас “шагнуулдаг”.

☺Их хурлын тамгын газрын утас дуугарч “Ердийн иргэн яавал Их хурлын гишүүн болж болох вэ” хэмээн асууж. Утас авсан хүн “Та чинь тэнэг юм уу” гэвэл,”Өө бас тэнэг байх ёстой юм уу” гэж хариулжээ.

Шинийг сэдэхийн тулд заавал этгээд байх хэрэггүй гэдэг ньойлгомжтой. Мөн заавал этгээдээр сэтгэх ч бас хэрэггүй гэнэ шүү.

Шинийг сэдэгчид заавал мэргэжлийн инженер, зохион бүтээгчид байдаг уу? Олон шинэ бүтээлийн санаачлагч нь ихэнхдээ харин ч эсрэгээр мэргэжлийн бус хүмүүс, бүр арван жилийн хүүхдүүд хүртэл байдаг хоёр ч жишээг дор хавсаргалаа.

♦ 1. Усан онгоц хөвдөг томоохон гол мөрний гүүрүүд нь дундуураа салж, дээшээ өргөгддөгийг бид киноноос үзсэн. Өргөдөг биш эргэдэг гүүр байвал эрчим хүчний хэмнэлттэй, хялбар хийцтэй болно гэсэн санааг арван жилийн сурагчид гаргажээ.

♦ 2. Орчин үеийн хурдан онгоцууд газардах үед дугуй нь буух зурвасын бетонон талбайг мөргөснөөс болж амархан элэгддэг байна. Үүний эсрэг үр нөлөөтэй байхуйц саналыг мөнл хүүхдүүд дэвшүүлжээ. Онгоцны дугуйны гол дээр жижгэвтэр сэнс зооход, сэнс нь салхинд үлээгдэн дугуйг эргүүлснээр бетон талбайг мөргөх эрч нь саарч элэгдэл буурна.

Гэхдээ шинийг сэдэхэд боловсрол хэрэггүй гэж үзэх нь өөр гажуудал үүсгэнэ. Маш өвөрмөц санаа олсон боловч техникийн боловсрол дулимагийн гайгаар амьдралд нэвтрэхээргүй шинэ бүтээл төрүүлсний жишээнд өнгөрсөн зууны дал наяад онд монголд зохиогдсон бууз чимхэж, жигнэдэг машиныг би дурдаж байна. Энэ төхөөрөмжинд буузыг машинаар чимхүүлэх зорилтыг гялалзтал шийдсэн боловч бүхэлд нь авч үзвэл, ямар ч цехийн хаалгаар багтахааргүй өргөн, хорь гаруй цахилгаан хөдөлгүүр бүхий нүсэр хийцтэй, өртгөө мөд нөхөхөөргүй үнэ ихтэй, амьдралд нэвтрэхгүй бүтээл болжээ.

Уураг тархины хөгжил сайтай, өөрөөр хэлбэл ухаантай хүн болгон шинийг сэдээд байж чадах уу? Хэрэв ийм байдаг сан бол шатрын их мастерууд нь хамгийн олон патентын эзэмшигч байх ёстой, бид ч бөөн шатарчдийг олноор нь төрүүлчихвэл л шинэ, шинэ техникүүд бүтээгдэн, нийгэм маань суга хөгжих юм биш үү?



Бодлого 1. Сүмийн дээврийн ус зайлуулах хоолой олон жилийн хур хогоор дүүрч бөглөрчээ. Сүмийг анх баригдахад дээврээс борооны ус зайлуулах хоолойг модон тулгуур баганан дотуур хар тугалгаар цутгаж хийсэн байлаа. Хэрэв хогийг цэвэрлэж хоолойг хэвийн болгохгүй бол дээврээс дуссан борооны дусаал бурхан тахилыг нь будаа болгох гээд байдаг. Яах вэ?

Тэр үеийн сэхээтнүүд болох лам нар яаж ч оролдоод бөглөрлийг гаргаж чадсангүй. Харин жирийн малчин ард алаг даахай барьж хоолойд хийгээд, наанаас нь хомоолоор утахад, нөгөө алаг даахай нь цаашаагаа ухаж өөртөө зам гаргаснаар бөглөөсийг онгойлгожээ. (орчин үеийн уран зохиолоос)

Бодлого 2. Тогоотой сүүг хөөсрүүлж самран халаахдаа хэт халаахгүйн тулд дулааныг нь байнга хэмжих хэрэгтэй. Овор ихтэй элдэв төхөөрөмжгүйгээр Яаж хэмжих вэ?

Орчин үеийн хүмүүс бид юу эсийг санал болгох бол, харин эмээ нар маань сүү самрах тоолондоо, шанага барьсан гарынхаа чигчий хурууг тогоотой сүүндээ дүрж хэмждэг байв. Хамгийн энгийн, ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэггүй.

Бодлого 3. Би зах дээрээс гүзээтэй зөөхий худалдаж аваад гэртээ ирээд гүзээг нь задласанд дотроос нь зөөхий биш аарц гарч, зальтай худалдагчид молигодуулж орхив. Дараа нь энэ тухай өвөө маань сонсоод, “хөлдүү зөөхийнд аарц холисон үгүйг, гүзээг нь задлахгүйгээр ... ингээд л мэдчихнэ, энүүн шиг амархан зүйл байхгүй” гэлээ. Харин Та байсан бол Яах вэ?

Мэдээж бидэнд лабораторийн нарийн багаж энэ тэр байхгүй, тэгээд ч тийм багаж байлаа гээд зах гарах болгонд үүрээд явалтай биш.

Цагаан идээний тухай бас нэг бодлого...

Бодлого 4. Хөлдөөсөн сүү худалдаж аваад цай сүлэхэд маш шингэн, бараг л ус шахуу байлаа. Чанар муутай сүүг шууд л зах дээр ялгаж мэдэх хэрэгтэй.Яах вэ?

Бас л өвөөгийн зөвлөгөө хэрэг боллоо. Гэхдээ мэдээж бүтээлч шүү.

Санамж: Энэ номонд байгаа дээрх болон бусад бодлогууд нь сургалтын шинжтэй учир Та тавигдсан нөхцлийг нь өөрчлөлгүйгээр бодох хэрэгтэй. Жишээ нь хүн амыг шингэн, ууттай сүүгээр хангах хэрэгтэй гэх мэтээр хадуурч болохгүй.

Бодлогыг бодохдоо хариуг нь таах гэж оролдох, тэр битгий хэл зөв хариуг тааж олсон байлаа ч энэ нь Таныг юунд ч сургахгүй гэдгийг мөн анхаарна уу. Үүний оронд, уг бодлого хичнээн ч хялбар, хариу нь мэдээжийн санагдсан ч ялгаагүйгээр сэдвийн дагуу аргачлалаар бодох дадал эзэмшихийг хичээгээрэй.

Энэ мөрүүдийг уншиж суугаа Та “Би ч техникээс ёстой нэг тэс хөндий хүн дээ, шинийг сэдэх энэ онолын хэрэг ч надад алга даа...” гэж бодож байх магадгүй. Та эмч, сувилагч, багш, цагдаа хэн ч байсан Таны амьдралд шинийг санаачлах хэрэгцээ гардаггүй юм аа гэхэд өдөр тутам ашигладаг багаж, зэвсгээ “аль хэр шинэ“ болохыг мэдэх шаардлага тулгарч л таарна.

Анагаах ухаан, боловсрол, цагдаа гэсэн техникээс хамгийн хол хөндий, нийгмийн гурван салбарынхны өдөр тутмын гол багажнууд яаж хөгжиж ирсэн, ямархуу байвал бидэнд “шинэ” санагдахыг авч үзье.

♦ 1. Намайг бага байхад эмчлүүлэгчийн цусны даралтыг хэмждэг аппарат нь хоорондоо холбоотой шилэн гуурсаар гүйдэг мөнгөн устай байлаа. Дараа нь шилэн гуурс алга болж, цагных шиг нүүртэй аппарат гарч ирсэн. Одоо үед хийгээ өөрөө шахаж, өөрөө хэмждэг, хуруу зайтай электрон аппаратыг эмч нар барих болжээ.

♦ 2. Сурагч бид “указка” гэж оросоор нь нэрлэдэг байсан манай багшийн “заагуур мод” биднийг тавдугаар ангид ороход модон байхаа больж, дотроо тосон балтай сунадаг хэлбэртэй болсон юм. Одоо бол багш нар маань түлхүүрийн оосрон хэлбэртэй, лазерийн гэрлэн заагууртай зогсдог болсон.

♦ 3. Цагдаагийнхны баридаг бороохой хатуу цул резин байхаа больж, дотроо уян ган тросстой хийгддэг болсон юм. Одоо үед бүр цахилгаан гүйдлээр цохиулдаг, нулимс асгаруулагчтай хүртэл бороохой үйлдвэрлэгджээ.

Шинийг сэдэх, үгүйдээ гэхэд шинийг таних нь эрт, эдүгээгийн хэн бүхэнд, Та бидэнд бүгдэд л тулгардаг асуудал гэдэг нь тодорхой боллоо.

Хүн төрөлхтний түүх нь ерөөсөө л шинийг сэдсэн түүх байжээ. Энэ нь ялангуяа хамгийн их хатуу ширүүн, амь сорьсон салбар болох цэргийнхэнд илүү их ажиглагддаг.

Миний бодлоор ШУТИС, ХААИС, МУИС, ШУА гэж юуг хэлэх вэ, олон давхар том байшинг хэлэх үү, барилга доторхи ширээ, сандал мэтийг хэлэх үү. Өөр барилгад нүүж орохоор сургуулийн мөн чанар өөрчлөгдөх үү, ширээ сандлаа шинэчлэхээр сургалт сайжрах уу? Үгүй л болов уу. Тэгвэл их сургууль гэж эрдэмтэн багш, профессор, ажилтан, оюутнуудыг нь л нэрлэх нь, бүр тодруулбал багш оюутнуудын ур чадвар, туршлагыг нь л нэрлэж байна.

Тэгэхээр нийгмээ хөгжүүлье, сайхан гэр байшинд амьдрая гэвэл өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхэлж шинээр сэтгэх хэрэгтэй.

Шинээр сэтгэнэ гэдэг нь хуучин бүгдийг улгүй таягдан хаях бус хуучин дээрээ дөрөөлөн тэднийг тулгын чулуу болгон ивж шинээр галаа ноцоохыг хэлнэ.

Шинээр сэтгэж шинийг сэдэх арга барилуудыг дараагийн сэдэвт авч үзье.

§ 1.2 Туршилт алдааны арга

Хүн төрөлхтний шинийг сэдэхдээ өнөөг хүртэл хэрэглэж ирсэн үндсэн аргуудын нэг нь туршилт алдааны арга юм (цаашид ТАА гэж товчлоно). Зүйрлэж тайлбарлавал энэ арга нь төөрсөн хүн зүг чигээ хайхтай адил юм. Тухайлбал ууланд, ойд төөрсөн хүн өндөр оргил дээр гарч холын бараа харахыг, эсвэл гол горхины урсгал дагаж суурин газар очихыг боддог байна. Харин ээрэм талд төөрсөн бол бараг л хандсан зүг рүүгээ явдаг.

Шинийг бүтээх зорилт урдаа тавьсан, ТАА хэрэглэж байгаа аливаа хүн санаандаа орсон бүх хувилбарыг туршиж эхэлдэг, ингэхдээ өөрт нь туршихад хамгийн амархан, эсвэл хамгийн бүтэлтэй гэж тооцсон зам сонгодог. Сонгосон зам нь сүлжилдсэн, тойруу, очих чиглэлээс нь эсрэг чиглэсэн эсвэл бүр мухар ч байх магадгүйн дээр туршилтуудад шинийг сэдэгчийн маань хөрөнгө чинээ, энэ яваа ганц нас нь хүрэхээргүй ч байх тун магадгүй. Хэрэв аз нь гийж зөв замаа олсон бол үр дүнд нь шинийг сэдэгчийн маань нэр алдаршиж, морьтны хишиг явганд гэгчээр ард бидэнд ч ашиг тус нь ирнэ.

♦ ЗХУ- ын сансрын хөлгийн гол зохион бүтээгч Королев анхны пуужин зөөгчөө бүтээж байхдаа, ажлын бараг талыг нь хийсний дараа уг загварыг төгс биш гэж үзэн, ажлаа зогсоож, өөр цоо шинэ зарчмын пуужинг дахин эхнээс нь угсруулж байжээ.

Хэрвээ Зөвлөлт гүрний сансрын хөлгийн зохион бүтээгчдийн багийн ерөнхий зохион бүтээгч тэр том хүн угсруулж байгаа зүйлийнхээ шинэ байж чадах эсэхэд эргэлзэж, эсвэл угсруулж байгаа пуужин зөөгч нь дуусаагүй байхдаа “моралийн” элэгдэлд орж байгаа юм бол энгийн хүмүүс бидний сэдэж бодсон бүтээлүүд ямархуу түвшинд байх нь ойлгомжтой...

Бүтээн туурвилтын хөгжлийн удаах түвшинд, байж болох бүх хувилбарыг бодитоор нь туршиж үзэлгүйгээр урьдчилан ухаан санаандаа “ажиллуулж, барьж, байгуулж” шүүхийг хичээдэг болжээ. Ингэснээр турших ёстой байсан хувилбарын тоо хамаагүй цөөрч, хөрөнгө цаг хугацааг ихээхэн хэмнэж, жинхэнэ үр дүнд хүрэхүйц туршилтаа хийх боломж олдоно.

Туршилтыг олуулаа хувааж ТАА- ын дутагдлыг багасгаснаар эрдэм шинжилгээний хүрээлэн үүсч эхэлжээ. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд, тодруулбал ТАА- д зарцуулах хөрөнгө санаанд багтмааргүй өссөн ч эцсийн үр дүн нь чамлалттай байсныг социализмын үеийн ШУА-ын түүх гэрчилдэг. Өнөөгийн бидний амьдран буй капиталист нийгэмд ч судалгааны хүрээлэнгүүдийн хувь заяа мөн л хөөрхийлөлтэй байгаагийн цаад далд шалтгаан нь тэдний ажлын эцсийн үр дүнтэй шууд холбоотой.

ТАА- ын хамгийн муу тал, муу үр дагавар нь нэг бодлогоо шийдсэн шийдлээс авсан сургамж дараагийн бодлогод тэр бүрий таардаггүй, бодлогоо дахиад л эхнээс бодож, өнөө олон туршилтуудаа хийх шаардлага гардаг, шинийг сэдэгч маань “мөнхийн эхлэн суралцагч” хэвээрээ байх авч асар их үнээр хуримтлуулсан туршлагын сантай болдог сайн тал бас бий.

ТАА ийм тааруухан мөртөө яаж өнөөг хүртэл лут том шийдлүүдийг бодож дөнгөө юм бол? Хэргийн учир нь ганц хүн дийлэхээргүй хүндхэн бодлогыг хүний нэг бус хэд хэдэн үе нэгээс нөгөөд буухиалан дамжуулж шийддэг байсанд оршино. Тодруулбал, нэг үеийнхний шийдэж чадаагүй бодлогын хариуг тэдний дараагийн үеийнхэн арай өөр байрнаас үргэлжлүүлэх байдлаар шийддэг байжээ.

Хүн төрөлхтөн цорын ганц ТАА-гаа шүтээд суулгүй, өөр аргуудыг ч бодож олжээ. Үүнд, сэтгэхүйн дайралт, хэлзүйн шинжилгээний аргыг нэрлэж болно.

Үүнээс гадна шинийг сэдэх гоц авъяастнуудын нууц нь юунд байгааг судалдаг шинжлэх ухааны салбар- эвристик аль эрт үүсчээ.

Бодлого 5. Хэдэн жил дараалсан зудны үед сумын түргэний УАЗ-469 машин арав хүрэхгүй километр газар 4 цаг гаран цас ухаж хүрснээ телевизийн сурвалжлагчид ярьж байжээ.

- Цаашдаа яамаар байна гэж сурвалжлагч асуухад

- Дахиад нэг машин нэмж авмаар байна гэж сумын дарга нь хариулж байлаа. Яах вэ?



§ 1.3 Эвристик

Шинийг сэдэхийн нууцыг судалдаг ийм шинжлэх ухаан-эвристик аль эрт үүссэн юм бол яагаад одоо хэрнээ туурвин бүтээх үр дүнтэй арга алга байна вэ? Үүний учир нь энэ хуурамч шинжлэх ухаан хэтэрхий том цар хүрээтэй зорилго бүтэшгүй зорилтийг өмнөө тавьж, хүний бүхий л үйл ажиллагаан дахь дурын бүтээлч бодлогыг адилтгаж шийдэх гэсэнд оршино.

Тэгээд ч тэд техникийн систем яаж хөгждөг, энэ хөгжилд нь ямар нэгэн зүй тогтол байдаг эсэх тухай судлахын оронд үүнийг судлаж байгаа хүмүүс болох эрдэмтэн судлаачдыг өөрсдийг нь судлаж байжээ. Химийн шинжлэх ухаанд амжилт гаргаж, бодис зүйн холбоог маш сайн тодруулсан дорвитой бүтээлд тулгуурлан, цаашдаа ямархуу элемент нээгдэж магадгүйг урьдчилан хэллээ гэхэд энэ нь элементүүдийн үелэх хуулийг таньж мэдсэн эрдэмтэн бүхний л чадах зүйл. Түүнээс биш тэр том бүтээлийг туурвисан химич эрдэмтний тархийг, нээлт хийж байгаа сэтгэхүйг нь судласнаараа ирээдүйд нээгдэх элементийг урьдчилан хэлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой.

Дээрхтэй төстэй, иймэрхүү нээлтийн жишээг бараг бүх шинжлэх ухаанаас олж болно. Тухайлбал одон орон судлалд, нарны аймгийн Дэлхий ван гаригийг тэнгэр лүү огторгуйн дурангаар ширтэж биш, харин “үзэгний үзүүрээр, өрөөндөө сууж байгаад” нээжээ.

Шинийг санаачлагч яаж шинийг сэддэг юм бол? Энэ асуултын хариу нь шинийг сэдэж чаддаггүй ердийн олонхи хүний хувьд төдийгүй, нээлт бүтээл хийгчдэд өөрсдөд нь хүртэл бүрхэг байдаг. Ихэнх нээлт, бүтээлүүд яаж хийгдсэн тухай сурвалжлага, ярилцлага, түүхийг эргэн саная л даа “…Би нэгэн удаа явж байгаад санаандгүй”,”…гэнэтхэн анзаараад”, “…миний зүүд нойрон дунд гэнэт ийм санаа харван орж ирлээ” гэх мэт яриа нь бидэнд юуг ч тайлбарладаггүй билээ.

Бид ч гэсэн шинийг санаачлагчийг өөрийг нь судлаж байсан нь зөв үү? Буруу байжээ. Уул нь тухайн техникийн систем одоо ийм түвшинд байгаа, тийм дутагдалтай учраас тийм болгомоор байна гэх зэрэг тодорхой салбарын тодорхой техникийг л сонгож судлах хэрэгтэй байж.

♦ Оньсон тоглоомоороо алдартай зохион бүтээгч Түмэн-Өлзий гуайг хүүхдүүд сайн мэднэ. Монголчуудын уламжлалт оньсыг улам хөгжүүлсэн, сонин хачин хэлбэртэй, үй олон тоглоом зохиож чаддаг түүний нууц нь юунд байна вэ? Бусад хүмүүс, бид оньсон тоглоомыг шинээр зохиодоггүй юм аа гэхэд ядаж эвлүүлж сурахын тулд яавал зохилтой вэ? Түмэн-Өлзий гуайг өглөө хэдэн цагт босдог, өдөр хэдийд зургаа зурж, хэдийд унтдаг зэргийг сонирхох уу?

Үгүй ээ, харин хэдэн янзын оньс байдаг, хэдэн янз байж болох, хэдийг нь идэвхтэй ашигладаг зэрэг зүй тогтлыг асууж судалбал бид зөв замаар явна.

Тэгээд ч гол учир нь шинийг сэдэгчид, эрдэмтэд яаж сэтгэж байгаад бус гагцхүү тэдний зохиож, сэдэж, судлан буй техникийн систем маань хэрхэн хөгждөг юм бэ гэдэгт л байсан бөгөөд техникийн систем нь хөгждөг өөрийн зүй тогтол, энэ зүй тогтлыг тусгасан хуулиудтай байдаг юм байна. Тийм ээ, үнэхээр техникийн систем хөгжих хуулиуд бодитоор оршдог гэдгийг Г.С.Альтшуллер анхлан нээжээ. Эдгээр хуулиудийн тухай хойно дахин өгүүлэх болно.

Үнэнийг хэлэхэд одоо үед техникийн зарим салбарт, жишээлбэл механикт хөгжлийн зүй тогтолын зарим хандлагыг тун зөв тодорхойлж чадсан байв. Үүнд: геометрийн гурвалжин дүрсийг ашигладаг татуурган хийцийг хэрэглэх, нимгэн гадаргууд ховил нэмэх аргаар хөшүүн чанарыг нэмэгдүүлэх, нэг цэгт төвлөрсөн ачааллыг нийт гадаргууд жигд хуваарилж тараах, үечилсэн ажиллагааг тасралтгүй циклтэй болгон өөрчлөх гэх мэт.

Гэтэл техникийн систем нь тухайн нэг салбарын ололтыг ашиглан алгуур хувирч байснаа, гэнэт шал өөр салбарын ололтыг ашиглаж огт өөр хэлбэр дүрстэй болон хувирах замаар хөгждөг. Жишээлбэл, галладаг зуух нь түлээ түлэхээ больж цахилгаанаар ажилладаг болсон бол одоо хоолоо богино долгионы үелзэлээр халааж болгодог болжээ.

Шинжлэх ухаан болгон хөгжлийнхөө эхний шатанд хуурамч шинжлэх ухааны балчир үеийг туулдаг байна. Эвристик нь ч мөн адил сэтгэл зүйн энгийн туршлагыг судлаад л бүтээн туурвихуйн бүх салааг эзэмдэхээр зорьжээ.

Эвристик нь шинийг сэдэхэд авъяас чухал биш, хүн үүнд суралцаж болно гэж үзсэнээрээ бидний сонирхож байгаа онол үүсэх нэгэн шижим болж өгчээ.

§ 1.4 Шинийг сэдэх бусад аргуудын тухай

Хорьдугаар зуун гарсаар хүн төрөлхтөн шинийг сэдэх бусад аргуудыг бодож олсны нэг нь сэтгэхүйн дайралтын арга юм.

Сэтгэхүйн дайралтын арга нь хоёр шаттай. Эхний шатанд янз бүрийн нас, мэргэжил бүхий арав орчим тоотой хүмүүсээс бүрдсэн бүлэг тухайн шийдэж буй бодлогын талаар өөрсдийн толгойд орсон бүх санааг чөлөөтэй дэвшүүлнэ. Энэ шатанд хамгийн гол нь санаа дэвшүүлэх нь чөлөөтэй, ямар ч шүүмжлэл байж болохгүй. Туршлагатай хүмүүсийн баг цөөхөн минутад хангалттай олон хувилбар дэвшүүлж чаддаг байна.

Дараагийн шатанд дэвшүүлсэн санаа болгоныг шүүн хэлэлцэж, эдгээрээс хамгийн үр дүнтэйг нь авч үлдэхийг хичээнэ. Эцэст нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн хувилбараа туршиж үзнэ.

Сэтгэхүйн дайралтын арга овоо үр дүнд хүрч, энэ аргаар дагнан ажиллаж бизнес хийдэг компаниуд ч байгуулагдаж байжээ.

Шинийг сэдэх өөр нэг арга нь хэлзүйн шинжилгээний арга байдаг. Гол зарчим нь шинээр сэдэж байгаа бүтээгдхүүндээ байж болох материалуудаас бүрдсэн баганатай, байж болох бүх хэлбэрийг багтаасан мөртэй хүснэгт байгуулж, байж болох хувилбар санаануудыг дэвшүүлнэ. Тухайлбал та цоо шинэ аргаар, газар хөдлөлтийн эсрэг тэсвэртэй байшин барихаар шийдсэн үед барилгын даацын материал нь төмөр бетон, ган, тоосго, хөнгөн блок, шил, хөнгөн цагаан гэх мэт байж болох юм. Энэ хүснэгтийн мөрөнд байшингийн хэлбэр: цамхаг, пирамид, пентагон, дугуй, үргэлжилсэн урт, эсвэл ган татлаганаас дүүжилж өлгөсөн гэх мэтийг бичиж болно. Энэ хүснэгтэд 6 төрлийн материал, 6 янзын хэлбэртэй байхаар өөрөөр хэлбэл 36 хувилбарыг тусгасан ч цаана нь хэдэн хувилбар тусгагдаагүй үлдэж байгаа нь тодорхойгүй юм.

Сэтгэхүйн дайралтын болон хэл зүйн шинжилгээний аргууд дээр үндэслэж, сэтгэхүйн хөшүүн байдлыг арилгах сургалтын зорилготой хувиргах хүрд үүссэн юм. Энэ тухай бид хойно дахин үзэх болно.

Шинийг сэдэх өөр аргууд ч бий. Жишээлбэл, амьд байгалийн зарчмуудыг техникт хуулж хэрэглэдэг бионик гэдэг салбар шинжлэх ухаан үүссэнээр дүүжин гүүр (аалзны тор), өнгөө сольдог нүдний шил (хамеолон гүрвэл)- ийг бүтээжээ. Гэхдээ бионикийн шинжлэх ухаанд эхлээд нээлт нь хийгдсний дараагаар л байгаль дахь хуулбарласан жишээгээ олж хардаг байсан нь хоржоонтой...

Дээрх аргуудаас гадна өөр өөр үүргүүдийг нэгтгэх гэх мэт энгийн мэхүүд ч байдаг. Жишээлбэл өргөх крантай автомашин, нар салхи аль алинаас хамгаалах нүдний шил, хутган жадтай винтов буу байна.

Дээр дурдсан аргууд нь бүтээн туурвих энгийн бодлогыг шийдэж чадаж байсан боловч, харамсалтай нь хамаагүй илүү төвөгтэй орчин үеийн ихэнх бодлогыг хүчирдэггүй, хугацаа их алддаг байна. Эдгээр аргуудын нийтлэг дутагдал нь боломжит бүх хувилбарыг дэвшүүлж чаддаггүй, дэвшүүлсэн хувилбаруудыг шүүн үзэх бодитой шалгуургүй байсанд оршино.

Шинийг Сэдэх Бодлогын Онол үүсэхээс өмнөх үеийн шинийг сэдэх нийтлэг онол, аргыг сэдэж бий болгох гэсэн оролдлогуудын тухай танилцуулга үүгээр дуусч байна.

§ 1.5 Бүтээлч бодлого

ХХ зууны хоёрдугаар хагасд шинийг санаачлагчдийн өөр үе, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлагчдийн эрин үе эхэлжээ.

Би сэтгэж байгаа учир оршиж байна гэсэн алдартай үг байдаг. Тэгвэл сэтгэж байгаа бодлого нь ямар болохоор энгийн, яахаараа бүтээлч болоод байна вэ?

Хэрвээ Та ямар нэг зүйлийг өрөмдөж цоолох хэрэгтэй боллоо гэхэд Таны мэддэг болон мэддэггүй ямар нэг өрөм, эсвэл цоолох хэрэгсэл аль хэдийн зохиогдсон, тэдгээр нь хэрэгцээг Тань бүрэн хангаж байвал энэ бол энгийн бодлого, гагцхүү Та өөртөө тохирохыг сонгоод л гүйцээ. Таны мэддэг, олдож байгаа өрөм тухайн тохиолдолд хэрэгцээг Тань хангахгүйгээс заавал шинийг сэдэж олох шаардлагатай боллоо гэвэл энэ бүтээлч бодлогомөн.

Шинийг сэдэж байгаа хүн бүхэн сайн зүйл зохиохыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрэхэд бүх бүтээлч бодлогод агуулагдаж байдаг техникийн зөрчлийг заавал шийдэх ёстой болдог байна. Шийдэл нь хүн болгонд янз бүр байх боловч амьдралд нэвтрэхүйц бүтээл түрүүлж гаргасан хүн зөрчлийг ялдаг, түрүүлдэг.

♦ Хөдөө явж байсан ачааны машины рам нь хугарчээ. Мэдээж нөөц рам байхгүй, ядаж ойролцоох сум суурин хүрэхгүй бол хөлдөж үхэх ч магад, ашиглаж болох гарын доор зүйл бол төмрийн хог дээр хэвтсэн швеллер (цувимал) төмөр байлаа. Хугархай рамандаа барьж боолтоор боохын тулд рамаа ч швеллерээ ч цоолох хэрэгтэй боллоо. Яах вэ?

Энэ нь тухайн тохиолдолд бүтээлч бодлого, учир нь Танд өрөмддөг, цоолдог уламжлалт ямар ч хэрэгсэл алга, байзаарай цоо буудах гэж яридаг шүү дээ буудвал яах бол. Тийм ээ Та зөв замаар явж өрөмгүй байж зузаан төмрийг цоолох санаа төрлөө, “хонгилын үзүүрт гэрэл гарлаа”, бүтээлч бодлогоо шийдэх гарц оллоо, ингэснээрээ өрөмдөх хэрэгтэй, гэхдээ өрөм байдаггүй гэсэн зөрчлийг шийдлээ, хөлдөж үхэхээргүй боллоо.



♦ Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймагт өвлийн амралтаар харьцгаажбайсан оюутнуудын сууж явсан тэрэгний бензин дуусахад, жолооч нь тусламж дуудахаар явгаар яваад эргэж ирвэл хөөрхий тэд бүгд хөлдөж нас барцгаасан байжээ. Гал түлж дулаацахаар оролдсон авч, байсан чанар муутай чүдэнз нь ассангүйд, цасан дээр “бензинээ шалгадаггүй жолооч тэнэг, чанаргүй хятад чүдэнз тэнэг” гэж бичээд хорвоог орхисон байсан гэдэг. Та байсан бол яах вэ?

Чүдэнз хэрэглэхгүйгээр гал гаргах олон л арга байж болох юм. Наад зах нь Жюль Верний зохиолд гардагчлан цагны шилийг ашиглан томруулдаг шил хийж, нарны гэрлээр гал гаргаж болно. Харин наргүй үед бол яах вэ... Энэ мэтчлэн бидний өдөр тутмын амьдралд бүтээлч бодлого байнга тааралдах бөгөөд харин тэднийг цаг тухайд нь олж харах л хэрэгтэй.

Бид бүтээлч бодлого гэж юуг хэлэх тухай үзлээ. Одоо бүтээлч бодлогоо хэрхэн ангилдаг тухай үзье.

§ 1.6 Бодлогын түвшин

Бүтээлч бодлогууд нь мэдээж бүгд ижил түвшинд бодогддоггүй, тэдгээрийг бодоход янз бүрийн зүтгэл шаардагдана. Чухам аль хэр зүтгэл, оролдлого шаардагдахаар нь эхний ангилал хийгдэнэ. Тодруулбал ТАА-аар хэдэн удаа оролдоход шийдэгдэх вэ гэдгээр уг бодлогын хүнд хөнгөнийг дэнсэлнэ. Гэхдээ албан ёсны патентын бүртгэлд ангилал нь өөр зарчмаар байдаг юм.

Бодлогын хүнд эсэхийг тогтоохоос өмнө хийх ёстой нэг зүйл бол уг бодлогоо бүтээлч бодлого мөн эсэхийг тогтоох явдал юм. Амьдралд тохиолддог бодлогуудын ихэнхи нь техникийн шинжтэй, инженерийн түвшинд шийдчихээр байдаг. Тодруулбал Танд хөнгөн цагааны хайлшийг гагнах шаардлага гарчээ гэхэд яаж гагнадаг нь өнөө үед аль хэдийн шийдэгдсэн учир Та мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эсвэл холбогдох ном зохиол судлаад л гүйцнэ, унадаг дугуйг дахин зохион бүтээх замаар яваад хэрэггүй.

Өчигдөр бүтээлч байсан бодлогыг өнөөдөр хэн нэг нь шийдсэнээр маргааш уг бодлого ердийн болон хувирдаг.

Бодлогыг арав хүртэл оролдлогоор шийдвэл эхний шатных бөгөөд хөнгөн, уг бодлогыг тухайн салбарын ямар ч мэргэжилтэн, магадгүй мэргэжлийн бус хүн ч төвөггүй бодож чадна. Манай одоогийн патент судлалаар оновчтой санаачлага гэж нэрлэгдэхүйц шийдэлд хүргэнэ.

Араваас зуу хүртэл оролдоод бодлогыг шийдэж чадвал, жижиг шинэ бүтээл төрнө. Бодлого нь салбарынхаа хүрээнд шийдэгдэх боловч тухайн салбарын мэргэжилтэн болгон шийдэж чадахааргүй, жишээ нь алтны уурхайн асуудлыг жоншны буюу нүүрсний уурхайд хэрэглэгддэг аргаар, гэхдээ мэдээж уул уурхайн салбарын хэмжээнд шийдвэрлэхүйц бүтээлч бодлого байна. Ийм бодлогыг шийдэхэд бүтээн туурвих туршлага муутай мэргэжилтэн шантрах магадгүй.

Зуугаас мянган удаа оролдоход бодлого дийлэгдэж байвал уг бодлогууд гуравдугаар зэргийн хүнд, шийдэл нь дунд зэргийн шинэ бүтээлд тооцогдох бөгөөд асуудал шинжлэх ухааны нэг салбарын хүрээнд шийдвэрлэгдэнэ.

Мянгаас арван мянган удаа оролдсоноор шийдэгдэх бодлогууд нь дөрөвдүгээр зэргийн хүнд, шийдэл нь техникийн шинэ системийг үүсгэнэ.

Арван мянгаас дээш удаа оролдож шийдэгдэх бодлогууд тавдугаар буюу хамгийн хүнд зэрэгт тооцогдож, бодлогын шийдэл нь эхлээд ямар нэгэн шинжлэх ухааны нээлт хийгдсэний үндсэн дээр шийдэгдэнэ. Жишээлбэл зарим төрлийн бодис цахилгааны нөлөөгөөр гэрэл нэвтрүүлэх чанараа өөрчилдөг үзэгдлийг нээсний үндсэн дээр цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд шингэн талст дэлгэц бий болжээ. Ийм дэлгэц нь эрчим хүч бага хэрэглэдэг, овор багатай учир электрон техникийг шинэ түвшинд гаргажээ.

Бодлогын хүнд хөнгөнийг зөвхөн хэдэн удаагийн оролдлогоор бодогдох нь вэ гэдгээр тогтоох нь учир дутагдалтай, энд тооны төдийгүй чанарын ялгааг тооцох хэрэгтэй байна.

Бодлогын хүнд хөнгөнийг тогтоох нь юунд хэрэгтэй юм вэ? Бодох аргыг нь заалгаад л бодчихож болохгүй юу? Үүний учир нь бодлогыг хүнд болгож “хүндрүүлдэг” зүйл болох зөрчлийг ангилах явдал юм. Зөрчлийг нь олж ангилсанаараа уг бодлогыг “хөнгөрүүлж” чаддаг байна, үүгээрээ бодоход шаардагдах байсан туршилтуудын тоог эрс цөөлдөг байна.

Бид бүтээлч бодлого гэж юуг хэлдэг, бүтээлч бодлогоо хэрхэн ангилдаг тухай авч үзлээ.

§ 1.7 ШинэСэБО гэж юу вэ

Өнөө үе хүртэл зохиогдсон бүхий л шинэ бүтээлүүд ТАА-аар шийдэгдэж иржээ. Үүнд тэдгээр шинийг сэдэгчид буруугүй, эсрэгээр харин ч гавъяатай хүмүүс юм. Тэдний гавъяаг зүйрлэвэл, хүрзнээс өөр зүйлгүй байж цэлийсэн хөндийг хагалж тариа тарьж ард олноо тэжээсэн тариачин адил, эсвэл газрын зураг ч гүй байж далайн алсын аянд гарч шинэ тив, газар орон нээгчидтэй дүйцэх юм.

Харин одоо бол огт өөр байдал, Шинийг Сэдэх Бодлогын Онол (цаашидШинэСэБО гэж товчлоно, МонЦаМэ гэдэг үгийг уншихтай адилаар дуудна уу) үүсч энэ онолоор компьютерийн программууд зохиогдон барууны орнуудад зөвхөн энэ онолоор дагнан ажилладаг компаниуд байгуулагдан амжилттай ажиллаж байна. Ийм онол үүсээд байр сууриа баттай олсон байхад хуучин аргаараа бүтээн туурвисаар байгаа бидний монголчууд, компьютерийн дэргэд сампингаа шажигнуулсаар суугаа нягтлангаас өөрцгүй байна.

Мэдээллийн технологийг яагаад өрнүүн хөгжүүлэх хэрэгтэй вэ гэсэн миний асуултад хариулсан нэгэн багшийнхаа хариултыг санаж байна. Үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд технологийг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй, технологийг дөрөв дахин нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг найм дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж билээ. Яг үүний адилаар бүтээн туурвих, шинийг сэдэх эрч нь үйлдвэрлэлээсээ хоцрох бус харин ч түрүүлж байх хэрэгтэй нь тодорхой.

Одоо хүртэл бидний хэрэглэж ирсэн гол арга болох ТАА нь маш том зургийг яг дэргэдээс нь хараад ойлгох гээд хичээж байгаа хүнтэй адил байна. Байшингийн бүтэн ханыг дүүргэсэн тэрхүү том зурагийг холоос бүхэлд нь харж утга учрыг нь ойлгож, бас одоогоор харагдахгүй байгаа далд буюу жижиг хэсгийг ч таах боломжийг ШинэСэБО бидэнд олгож байна.

ШинэСэБО бол мэдлэгийн шинэ салбар төдийгүй маш түргэн хэлбэржиж байгаа залуу шинжлэх ухаан юм. ШинэСэБО нь өөрийн гэсэн судлагдахуунтай (техникийн систем хөгжих хууль, бүтээлч бие хүнтөлөвших хууль), өөрийн судлах аргатай (их хэмжээний патентын мэдээлэл, техникийн түүх, тэдгээрийг зохиогчдийн намтарт шинжилгээ хийх), бүр өөрийн гэсэн хэлтэй (бооронгийн шинжилгээ), өөрийнмэдээллийн сантай (зөрчлийг шийдэх зарчим, арга, мэх болон үйлчлэлийн хэрэглээг заагч) болж амжжээ.

ШинэСэБО нь техникт шинийг яаж сэддэг юм вэ гэдэг асуултанд хариулт өгөхөөр анх үүссэн, энэ асуултынхаа хариуг техникийн аливаа систем нь хөгжих өөрийн гэсэн зүй тогтол, өөрийн бодит хуулиудтай, энэ хууль, зүй тогтол нь хувь хүний хүсэл, нийгмийн систем зэргээс хамаардаггүй юм гэж олсон. Нэгэнт бодит хууль оршиж байгаа юм бол бид түүнийг танин мэдэж болно, ингэж танин мэдэхэд тухайлсан арга, мэх хэрэгтэй. Энэ бүгдийг дүгнэвэл ШинэСэБО нь биднийг хүрээлэн байгаа техникийн системүүдийг танин мэдэхэд тусалж байгаа учир энэ онол бол ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан юм гэж би бодож байна.

ШинэСэБО техникийн систем яаж хөгждөг, энэ хөгжлийг яаж танин мэдэх, яаж урьдчилж харах тухай судладаг шинжлэх ухааны онол юм. Энд сануулахад уншигч эрхэм Та IQ-тэй эндүүрч будлих магад. Миний бодлоор IQ нь хүнийг хэвийн, загварт сэтгэлгээнээс гаргаж өвөрмөц (латериал) сэтгэлгээнд сургадаг.

ШинэСэБО бол шинэ техник бүтээх аргын нууцыг, мөн гоц нээлт хийдэг хүмүүсийн нууцыг тайлсан онол юм. ШинэСэБО анх үүссэн зорилтоо биелүүлээд зогсохгүй сэтгэн туурвих бусад салбарт ч нэвтэрч, улам эрч хүчээ авсаар байна.

♦ Манай уурхайг хариуцдаг татварын байцаагч, бүх татвараа төлчихсөн биднийг дахиад татвар төл гэдэг шаардлага тавилаа. Шалтгаан нь энгийн: Энэ оны татвар хураах төлөвлөгөө нь биелээгүй, тэгээд арай мөнгөтэй нь манайх харагдаа биз. Гэсэн ч татварын байцаагчийнхаа төлөвлөгөөг биелүүлэхийн тулд л гарлагадаад байхаар илүүдээ гарсан мөнгө бидэнд байхгүй (бидэнд мөнгө байгаа ч салхинд хийсгэмээргүй байлаа) нөгөө талаар байцаагчтайгаа муудалцмааргүй байдаг. Мөнгө төлмөөргүй байдаг, мөнгө төлөх хэрэгтэй байдаг, жинхэнэ зөрчил энд байгаа юм биш үү. Зөрчил байгаа юм бол шийдэх хэрэгтэй, шийдэж ч болно. ШинэСэБО-ын нэг мэхийг хэрэглэж хамгийн энгийнээр цаг хугацаанд хуваая, тодруулбал шаардсан мөнгийг төлнө, гэхдээ ирэх оны татвартаа тооцуулъя, ингэснээр зөрчлийг хэн хэндээ хохирол багатай шийдлээ.

ШинэСэБО- д техникийн тэргүүлэх салбар, хоцрогдмол салбар гэсэн ойлголт байдаг. Хоцрогдмол салбарын хамгийн хоцрогдсон хэсэг нь орчин үеийн шинэ санааг нэвтрүүлэх сайхан талбар болдог байна.

Цаашид ШинэСэБО- ын гол бүрдүүлэгч хэсэг шинийг сэдэх зарим мэх, арга мөн алгоритмыг авч үзэх болно.

§ 1.8 ШинэСэБО мэхнүүд

Ойд явж байгаа хүн хичнээн туршлагагүй ч шигүү ургасан модны мөчрийг гараараа ярж, зам гаргах хэрэгтэйг ойлгож, цааш ахих тусмаа туршлагажина. Шинийг сэдэх зорилт өмнөө тавьсан хүн ч мөн адил он жилийн туршид туршлага хуримтлуулна. Гэтэл шинийг сэдэх бодлогууд дуусашгүй олон янз, төрөл байдаг ч өчнөөн туршлагатай гэгдэх шинийг санаачлагчид нь дөнгөж гурав дөрөвхөн янзын арга, мэх эзэмшсэн байдаг байна.

♦ Шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт Богд хаан нэгэн зураачид, хааш хаашаа нэг ямх муутуу цаасан дээр мянган зааныг багтааж зурах лүндэн (даалгавар) буулгажээ. Ямх цаасан дээр мянга байтугай зааныг багтааж зурж чадахгүйдээ гутарч, дэмий л халуун зунаар тарган хонь төхөөрүүлж, гэр дүүрэн чанасан махтай байж байтал, Хүрээний нэгэн гуйлгачин өглөг гуйсаар орж иржээ. Буян бодож өгсөн мөч махыг нь авч өвөртлөөд, юунд бодол болон байгааг нь асууж мэдээд “хүний санаанд багтаад л хий гэж хэлсэн байхад зурах арга нь байж л таарна” гээд гарч явсан гэнэ. Гуйлгачинг араас нь хараад байтлаа, хадгалах орон гэргүйн улмаас өвөл зуны, үстэй, дан хамаг дээлээ дээр дээрээс нь давхарлан өмссөн нь нүдэнд тусч, толгойд нь нэгэн санаа гялсхийн орсон гэнэ.

“Хэрэв дээлийг давхарлаж өмсөж болдог юм бол, зааныг дээр дээр нь давхарлан зурж болно” гэж сэтгээд, нарийхан үстэй бийр бэлтгэн заануудаа зурж Богдод өргөн барьж амь аврагдсан гэдэг. (Лодонгийн Түдэв. Эрхий дарам зай)

Ер нь бодлогууд нь инженерийн, зохион бүтээгчийн, шинийг сэдэгчийн шийдэх гэх мэт янз бүрийн түвшнийх байдаг. Ердийн, байдаг л нэг байшингийн зураг гаргах нь инженерийн ажил юм. Арай өөр, жишээ нь өндөр байшин босгох нь зохион бүтээгчийн ажил болно. Харин урьд нь огт байгаагүй аргаар байшин, цамхаг зэргийг барих шинэ санаа олох нь шинийг сэдэгчийн үүрэг болдог байна.

Харин шинийг сэдэгчийн шинээр дэвшүүлж байгаа санаа, шийдэж байгаа бүтээлч бодлого нь аль ч салбарт хамрагдаж байсан, шийдвэрлэвэл зохих зөрчлийг дотроо зайлшгүй агуулж байдаг. Тодруулбал, хуучин аргаар бодогдож болохгүй зөрчлийг агуулдаг учраас л энэ бодлого нь бүтээлч гэгдэж, энэ бодлогыг шийдсэн шийдэл нь шинэ бүтээл төрүүлдэг.

Зөрчлийг бүрмөсөн шийдэх, үгүйдээ л бага ч болтугай зөөлрүүлэх нь шинийг сэдэгчийн гол зорилт болдог.

Бүтээлч бодлогыг бүтээлч бус бодлогоос, ө.х. инженерийн бодлогоос ялгах хамгийн гол ялгаа нь хэрэгжүүлэлтийн зөрчлийг агуулсанд байдаг. Хэрэгжүүлэлтийн зөрчлийн гүнд нь техникийн зөрчил нуугдаж байдаг бол техникийн зөрчил нь өөрөө физик зөрчлийг агуулдаг.

Хэрэгжүүлэлтийн зөрчил нь нүдэнд ил байдгаараа онцлог. Тухайн системийн ямар зүйлийг сайжруулах, ямар зүйлийг нь муутгахгүй байх ёстой вэ гэдгийг олчихвол техникийн зөрчлийг тодорхойлж байгаа хэрэг юм.

Техникийн зөрчлийг тодруулснаар ямархуу шинэ зүйл бүтээх ёстойг нь уг бодлого өөрөө Танд ойролцоогоор ч болох нээ “шивнэдэг” бол харин хэрэгжүүлэлтийн зөрчил ингэж “шперагалка” өгөх чадваргүй байдаг.

Нэг зүйлийг муутгахгүйгээр нөгөөг сайжруулахдаа эд анги, элементүүдийн аль нь ямар сайн, ямар муу шинжийг нэгэн зэрэг хадгалах ёстойг олбол физик зөрчлийг оллоо гэсэн үг. Энэ үед халуун мөртөө хүйтэн, хатуу боловч зөөлөн, нэвт харагддаг байснаа харагддаггүй болох гэх мэт өнгөц үзэхэд “гажиг” ч гэмээр шаардлага үүсдэг. Физик зөрчлийг зөв тодруулж, дээрх шаардлагыг шийдэх нь бодлогын хариуг олоход ойртсныг харуулна. Өөрөөр хэлбэл энэ үед физик зөрчил нь уг бодлогыг шийдэх аргыг өөрөө “чангаар хашгирч” Танд мэдэгдэнэ. Бодлогууд хэдэн мянга, түмэн янз ч гэлээ агуулагдаж байгаа физик зөрчлүүд нь тоотой хэдхэн төрөл байдаг гэнэ.

Энэхүү хэдхэн төрлийн зөрчлийг ангилбал, ангилал болгонд шийдэх мэхүүднь тодорхой байна. Эдгээр мэхүүд нь энгийн болон дунд, дээд шатны гэх мэт ангилалтай. Ангилал нь тухайн бодлого ямар салбарт хамаарагдаж байгаагаас биш харин мэх нь аль хэр энгийн, эсвэл даацтайгаас хамаарна. Дээр өгүүлсэн заан зурах бодлого гэхэд оросуудын нэг нэгэндээ углагддаг хүүхэлдэйтэй адил нэгтгэх мэхээр шийдсэн юм. Өүлэн эхийн хөвгүүдээрээ хугалуулдаг таван савааны тухай сургамж домог нь нэгтгэх мэхийг таниулах сайхан жишээ мөн.

♦ Уул уурхайн ажлын голыг нугалж өгдөг техникийн нэг нь урдаа хусууртай трактор байдаг. Энэ тракторын гинжийг хөтөлж эргүүлдэг одон дугуй элэгдсэн үед солих гэж бөөн ажил ундарна, трактороо тулгуур дээр өргөнө, гинжээ салгаж тайлана, одон дугуйг боолтоор нь авсны дараа шинийг тавиад бүгдийг буцааж угсарна.

Сүүлийн үеийн тракторт ийм төвөгтэй байдлыг халжээ. Одон дугуйг олон тэнцүү хэсэг хийж, тус бүрийг боолтоор боож угсарсан тул тракторын гинжийг заавал авахгүйгээр дээрхи засварыг хийнэ.

Саяын энэ жишээн дээр бүхэл зүйлийг бутлах мэх хэрэглэжээ.

Мэхийг юунд чиглэж байгаагаар, тодруулбал нүдэнд харагдаж гарт баригдах зүйлд чиглэсэн бол үлэг түвшний, харагдахааргүй зүйлсэд, атом молекулд чиглэсэн бол бичил түвшний мэх гэж бас ангилна.

Ер нь бол дээд-үлэг түвшнээс доод-бичил түвшин рүү, эсвэл тухайн түвшиндээ шилжсэн гэсэн гурван янзын бүтээн туурвилт л амьдралд байдаг, харин дөрөвдөхи буюу доод-бичил түвшнээс дээд-үлэг түвшин лүү шилжсэн бүтээн туурвилт гэж байдаггүй юм байна. Эдгээр шилжилтүүд нь үлэг түвшингээс бичил түвшинд шилжих хууль болон дээд системд шилжих хуулийн дагуу явагдана.

Гарт баригддаг зүйлсэд, ө.х. дээд-үлэг түвшинд ихэвчлэн хуваах, нэгтгэх, ижилсгэх, тэгш хэмтэй болгох гэх мэт энгийн мэхүүд хэрэглэдэг бол доод-бичил түвшинд физик, химийн мэхүүд голчлон хэрэглэнэ.

Зарим мэхийг дэлгэрэнгүй үзэхдээ урьдчилан бэлтгэх мэхийн жишээ авья. Говийн малын мах таанын амттай гэцгээдэг, тэгвэл малаа таанатай өвсөөр бордвол амттай мах бэлэн болох юм биш үү? Зарим цайны газрууд ширээгээ эхлээд олон давхар бүтээлгээр бүтээгээд, бүтээлгээ бохирдох бүрд нэг нэгээр нь хуулж авдаг байна. Урьдчлан сэргийлэх тарилга (вакцин) нь энэ мэхийг хэрэглэсэн сонгодог жишээ юм. (мэхүүдийн жагсаалтыг хавсралтад багтаав.)

Обьектийн найдварт ажиллагааг урьдчилан ослоос сэргийлэх жишээ авъя. Би гар утсаа гээснээр бараг л бүх найзууд, ажил хэргийн түншийнхээ утасны дугаарыг алдаж давхар хохирсон юм. Үүнийхээ дараа гар утсан дахь дугааруудаа бүгдийг нь интернетэд, тодруулбал yahoo.com дотор бичиж сануулаад санаа амарсан.

Ашигтай үйлчлэл тасалдахгүй байх мэхийн жишээнд ганц шанагат экскаваторыг олон шанагатай (дугуйг тойрсон, гинжтэй хоёр янз байдаг) болгосныг дурдаж болно. Номын багтаамжаас шалтгаалан эдгээр мэхүүдийг энэ удаадаа товч үзлээ.

Таны гарт атгуулсан, ямар ч бодлогыг шийдэх аугаа чадалтай эдгээр мэхүүдийг яаж ашиглах вэ? Кинонд “…Сайхан хүүхэн болгоныг бариад байх уу?…” гэдэг шиг захаас нь эхлээд туршаад байх уу, тэгвэл алхам урагшлаад хоёр алхам ухарсан болно. Өвчин туссан хүн ямар эм уухаа мэдэхгүй бол “вагон, вагоноор нь” янз янзын эмтэй байгаад ч нэмэргүй. Тэгэхээр тухайн бодлогыг, зөрчлийг шийдэхэд аль мэх илүү таарах вэ гэдгийг яаж мэдэх вэ.

Мэхүүдийг хэрэглэх заавар ч юм уу дүрэм хэрэгтэй нь илт байна, мөн мэхүүддээ хэрэглэх төрлөөр нь ангилах нь бүр чухал байна. Ангиллаа юунд үндэслэн хийх вэ, бодлогууд янз бүрийн салбарынх юм чинь салбараар нь ангилах уу? Тэгтэл дээрх заан зурах жишээний нэгтгэх арга гэхэд өөр салбарт бишгүй л хэрэглэгдэнэ. Арай өөр хэлбэрийн ангилал шаардагдаж байна.

Товчхондоо хамгийн хэцүү бодлогуудыг шийдсэн мэхүүдийг жагсаах замаар ангилал хийгджээ. Энэ ангилал үндэс нь болдог мэдээллийн сангийн тухай дараагийн сэдвээр үзнэ.

§ 1.9 Мэдээллийн сан

Мэдээллийн сан нь бүтээлч бодлогыг шийдэхэд тус болох хүснэгт,стандарт зэргийг багтаана.

♦ Суут Ньютоны физикийн шинжлэх ухааны мэдлэг нь одоогийн дээд сургуулийн хоёрдугаар курсын оюутнуудын мэдлэгтэй дүйцнэ гэдэг. Тэгээд яагаад оюутан битгий хэл инженерүүд шинэ бүтээл хийхгүй байна вэ? Хариулт нь энгийн, дунд сургуулиас эхлээд физик, хими заадаг хэдий ч амьдралд яаж хэрэглэхийг заадаггүй, заалгасан бүх мэдлэг нь зөвхөн шалгалт өгөхөд шаардлагатай байдагт байна. Гадаад хэлний тухайд ч мөн адил, би л гэхэд орос хэлийг дунд сургуульд 6 жил, дээд сургуульд 3 жил заалгасан, инженер цолтой, “том хүн” үйлдвэрт очоод орос ажилчинтай хэл нэвтрэлцэхгүй, бахь, алх, амтай түлхүүр мэт энгийн үгсээ ч мэддэггүй хөглөж байж билээ.

Мэдээллийн санд юуны өмнө физик, хими, геометр, био үйлчлэлийг яаж хэрэглэхийг заасан хүснэгт багтдаг. Тэгэхээр шинийг сэдэхээр шийдсэн Та даацтай бүтээл туурвия гэвэл дээрх суурь шинжлэх ухааны тулгуур мэдлэг сайтай байх шаардлагатай.

Физик үйлчлэлийн заагч хүснэгтэд дунд сургуулиас эхлэн бидний мэддэг Архимедийн хүч, инерцийн үзэгдэл, хөлдөх, буцлах гэх мэтээр нийт 5000 гаруй үйлчлэл ордог байна. Эдгээрийг сонгож хэрэглэх л бидэнд үлдэж байх шив. Аа бас тийм, ийм хүснэгт физикийн томъёоноос айдаг сурагчдад их таалагдах гэнэ шүү.

Геометрийн үйлчлэлийн хувьд бидэнд бараг л бүх зүйл ил байна. Наад зах нь монгол гэр яагаад дөрвөлжин биш дугуй хэлбэртэй, шовгор оройтой байдаг вэ? Мөн монгол гэрийн унины толгой дөрвөлжин огтлолтой болсон нь тун саяхны юм байна. Урьд нь унины толгой дугуй байхад гэрийн тооно мушгирч эргэх нь их байжээ.

Мэдээллийн сангийн тухай сэдвийн төгсгөлд био үйлчлэлийг авч үзье. Био үйлчлэл их өргөн хүрээтэй ч гүйцэд судлагдаагүйн улмаас үйлчлэлийн хүснэгт одоогоор зохиогдоогүй байгаа юм.

♦ Өнгөрсөн олимпод усанд сэлэлтийн тамирчдыг далайн гахайн арьсаар хийсэн өмсгөл хэрэглэхийг хоригложээ. Ийм өмсгөл хэт бага эсэргүүцэлтэй учир зарим тамирчдад илт давуу байдал олгохоос болгоомжилсон хэрэг. Тодруулбал далайн гахайн арьснаас бага эсэргүүцэлтэй даавууг хаана ч үйлдвэрлээгүй байна.

Одоогоор тодорхой байгаа зүйл бол аль болох эртний амьтан, ургамлаас “хуулбал” техникт нэвтрүүлэхэд илүү хялбар байдаг байна. Ер нь бусад үйлчлэл хүчин мөхөсдсөн үед био үйлчлэлээс тусламж авдаг ажээ.

Бодлого 6. Хөдөөгүүр малчдын их хэрэглэдэг салхин үүсгүүрүүд салхи ихтэйд хэт хурдан эргэдэг. Салхи их ч байсан, бага ч байсан сэнс тогтмол хурдаар эргэдэг байхын тулд Яах вэ?

§ 1.10 Боорон

Гар нь гараа угаадаг учир хоёулаа цэвэр гэсэн үг байдаг. Мэдээж ганц гартай хүн гараа угаах нь төвөгтэй. Мөн зүүн баруун хоёр гар баймээж гар нь гараа угаана. Зүүн баруун хоёр гар байгаад ч угаахгүй бол цэвэрхэн болохгүй.

Бид ямар нэг ажил үүргийг гүйцэтгэх ёстой техникийн системийг авч үзвэл тухайн систем нь дээрх жишээний адилаар хамгийн багадаа дор хаяж хоёр бүрдүүлэгч хэсгээс тогтох ёстой. Тэгээд эдгээр хоёр бүрдүүлэгч нь хоорондоо үйлчлэлцдэг ганц зүйлтэй байна.

Бидний сая авсан жишээний хоёр гарыг ШинэСэБО- д бодис гэсэн үгээр нэрлэнэ. Харин угаах гэдэг нь орон гэсэн ойлголттой таарна.

ШинэСэБО- д бодис гэдэг ойлголт нь бидний химийн шинжлэх ухаанд мэддэг ойлголтоос илүү өргөн утгыг агуулж, энэ үгээр ус, агаар, нүүрс зэргээс гадна байшин, машин, сүх, анжис гэх мэт бүтэн системийг болон бүр хүнийг хүртэл тэмдэглэдэг байна. Хялбарчилж ойлговол, бодис гэдэг ойлголтонд гарт баригдах болгоныг хамруулдаг.

Харин орон гэдэг үгээр физикийн шинжлэх ухааны орон гэдэг ойлголтоос арай өөр, илүү өргөн утгыг хамруулж, дээр дурдсан бодисууд хоорондоо үйлчилж, ажил гүйцэтгэж байгаа эрчим хүчийг тэмдэглэдэг. Үүнд: цахилгаан, соронзон, таталцлын, хүндийн хүчний, дулааны, механикийн гэх мэт хүчнүүд орно.

Орон нь сайн удирдагддаг байх ёстой, мөн улам илүү удирдагддаг оронгоор солигдох замаар техникийн систем цааш хөгждөг байна.

Дээр дурдсан ойлголтуудыг нийтэд нь боорон гэдэг ухагдуунаар нэрлэж судлана. Боорон гэдэг нь веполь (вещество-поля) гэсэн орос үгийн орчуулга, бодис-орон хэмээх ойлголтыг тэмдэглэж, энэхүү номыг зохиогчийн шинээр зохиосон, хоёр үгийг товчилсон нэр юм.

Боорон гэдэг нь тухайн системд байж болох хамгийн цөөн буюу гурван бүрдүүлэгч: хоёр бодис, нэг оронг агуулсан техникийн системийн загварюм. Энд сонирхолтой нь гурвын тоо бөгөөд манай монголчуудын дунд ч ертөнцийн гурав мэтчлэн гурвын тооны билэгдэл байдаг билээ.

Хэрвээ бид ямар нэгэн үүргийг гүйцэтгэж байгаа техникийн системийг авч үзвэл тэд бүгд л хамгийн багадаа дээрхи гурван бүрдлийг агуулна. Жишээ нь: гал асаахад чүдэнз, зуруулаас гадна хооронд нь хавирах хүч, бичихэд цаас, бэхээс гадна норгох гэх мэт.

Техникийн системийн утга зохиол дахь нэгэн тусгал болох оньсого ч мөн адил хамгийн багадаа гурван бүрдүүлэгч хэсгийг тусгах ёстой болов уу гэж таамаглаж байна. Жишээлбэл мөсөн дээр мөнгөн аяга, тэр юу вэ гэх мэт.

Бооронг бүрдүүлэгч хоёр бодисыг эдлэл ба хэрэгсэл гэж хуваадаг байна. Өгөгдсөн систем гол үүргээ гүйцэтгэхэд бооронг бүрдүүлэгч хоёр бодисын нэг нь боловсруулалтанд орж нөгөө нь энэ боловсрогдож байгаа эдлэлээ боловсруулдаг хэрэгсэл болдог. Дээр бидний авсан жишээнд баруун зүүн хоёр гар нь дэс дараалан эдлэл, хэрэгслийн үүргийг гүйцэтгэж эцэст нь хоёулаа цэвэр болох ёстой байна.

Системийн гол үүргийг тодруулахдаа тухайн системийн гүйцэтгэж байгаа олон үүргүүдээс ганцхан гол үүргийг сонгоно.

Бид яагаад эдлэл, хэрэгсэл гэж зориудаар авч үзээд байгаагийн учир нь шинийг сэдэх талбар болох обьектоо сонгож авахад байгаа юм. Тодруулбал эдлэлийг өөрчлөх нь хэрэгслийг өөрчлөхөөс хэцүү байдаг.

♦ Эртний Грект павильон хэмээх одоо хүртэл хадгалагдаж үлдсэн асар том барилгын чулуун багана, дам нуруу зэрэг хүнд жинтэй хийц хэсгүүдийг угсрахдаа, зөөлөн буулгахын тулд элстэй шуудай ивж, дараа нь шуудайг хагалж элсийг гоожуулдаг байжээ.

♦ Энэтхэгт ширэм хайлуулах зуухны суурийг нүхэн дотор өргөх крангүй буулгахын тулд дээрхтэй төстэй аргыг хэрэглэжээ. Гэхдээ шуудайтай элс биш мөс ашиглажээ. Нүхийг мөсөөр дүүргэж сууриа мөсөн дээр тавиад орхивол хэсэг хугацааны дараа мөс нь аажимаар хайлж хүнд, нүсэр суурь байрандаа сууна.

♦ Өмнөх жишээтэй төстэй иймэрхүү аргыг Оросд бас хэрэглэж УЦС-ын асар хүнд, 45 хэмийн налуутай төмөр бетонон хоолойг өргөгч кран зэргийг ашиглахгүйгээр суурин дээр нь буулгахад хэрэглэсэн байна. Эхлээд дотрооцахилгаан халаагчтай мөсөн дээр төмөр бетон хоолойгоо цутгаж бэхжүүлнэ, дараа нь халаагчаа цахилгаанд залгаж мөсөө хайлуулсаар хоолойгоо доош нь налуу чигээр нь буулгаж суурилуулна.

Дээрх жишээнүүдэд буулгах ачаа нь эдлэл, доор нь ивсэн шуудайтай элс, мөс зэрэг нь хэрэгсэл болжээ. Хэрвээ бид газар ухах, тоосго цохих, талх барих гэх мэт жишээг авбал эдлэл нь газар, тоосго, талх болно. Харин хэрэгсэл нь газар ухдаг машин, тоосго шатаах баюу, талх барих зуух байна. Энэ тохиолдолд газрыг өөрчлөх нь мэдээж хэцүү, газар ухах машинаа өөрчлөх нь хялбарбайна.

♦ Саяхан буудайн шинэ сорт гарган авсан доктор Алтансүхийн яриаг сонсоход, буудайг үржүүлэхэд заавал эх буудай, эцэг буудай гэсэн хоёр төрлийг сонгон авдаг байна. Бас л эдлэл, хэрэгсэл гэсэн ялгаа харагдаж байна.

Бид нэгэн чулуугаар гаанс хийх хэрэгтэй боллоо гэж үзье. Гаансыг ганц ажиллабараар хийж болохгүй тул эхлээд нүхлэе. Өгөгдсөн нэг бүрдүүлэгч болох чулуу нь эдлэл гэдэг нь тодорхой тул одоо хэрэгсэл гэсэн өөр нэг бодис, мөн оронг сонгох ёстой. Зарчмын хувьд физик хүчийг ашиглаж өрөмдөж болохоос гадна химийн уусмалаар үйлчилж нүхлэж ч болох юм.

Эдгээр гурван бүрдүүлэгч хэсгийг цаасан дээр буулгахдаа бооронгийн томъёо гэж нэрлэдэг тэмдэглэл ашиглана. Энэ нь дуу хөгжмийн аяыг тэмдэглэдэг ноот, эсвэл бичигтэй л эгээ ижил юм. Бооронгийн томъёог бид энэ номонд дэлгэрүүлж үзэхгүй.

Бооронгийн томъёо нь бооронгоос юугаараа ялгаатай вэ? Боорон бол амьдрах чадвартай техникийн системийн загвар, харин томъёо нь одоо оршиж байгаа системийн бүрдүүлэгч хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэл юм. Өгөгдсөн систем нь тэр болгон амьдрах чадвартай байдаггүй учир бооронгийн томъёо нь заавал гурван бүрдүүлэгчээс тогтох албагүй, тухайн систем нэг, хоёр, дөрөв ... хэдэн хэсгээс тогтож байна, тэднийг л тусгана.

Бооронгийн томъёог ашиглаж, дутуу бүрдэл хэсгийг гүйцээж, хортой холбоосыг өөрчлөх гэх мэтээр амьдрах чадвар бүхий боорон бий болгох нь л бидний гол зорилт юм.

Бооронг ихэвчлэн үүсгэгч оронгоор нь ангилна. Үүнд :

- Дулааны орон

- Соронзон орон

- Цахилгаан орон болно. (Цаашид ду-орон, соорон, ца-орон гэж товчилж нэрлэнэ)

Боорон нь шинийг сэдэхэд яаж нөлөөлөх вэ? Бооронг зөв тодорхойлсноор зайлшгүй хийгдэх туршилтийн тоо эрс цөөрнө. Мөн бооронгийн зэрэг ихсэх хууль гэж байдаг байна. Энэ хууль болон бооронгийн томъёоны тухай энд зөвхөн дурдлаа.

Бодлого 7. Монголд анх нарийн төмөр замыг Улаанбаатар Налайх хотын хооронд тавьжээ. Зүтгүүр толгойг нь Оросын Наушка өртөөнөөсУлаанбаатар хот руу төмөр зам, усан зам, авто зам тээвэр аль нь ч байхгүй байхад авчрах том асуудал гарчээ. Байсан тээвэр нь гуравхан тоннын даацтай машин, адуу, үхэр, тэмээ. Яах вэ?



Бодлого 8. Сүүлийн үеийн хөнгөн тэрэгний олгойгүй дугуйг хээр хөдөө угсраад хийлэхэд маш төвөгтэй, гар насосоор барагтай хийлэгддэггүй гэдгийг туршлагатай жолооч нар андахгүй мэднэ. Гадуур хаймарны ирмэг нь мөөрөндөө сууж өгвөл болох гээд байдаг, уул нь номоороо бол хаймарыг гадуур нь нимгэн төмрөөр бүслүүрдэж чангалаад хий шахах ёстой. Яах вэ?

§ 1.11 Нөөцүүд

ШинэСэБО- д нөөцүүд гэсэн ойлголт байдаг нь өмнөх сэдэвт үзсэн бооронгоос шууд хамааралтай. Нөөц нь шууд хэрэглэхэд бэлэн нөөц, хувиргаж өөрчлөж баймааж нь хэрэглэдэг сэргээсэн нөөц гэж ангилагддаг.

♦ Дотоод шаталтат хөдөлгүүрийн чадлыг яаж нэмэгдүүлэх вэ? Мэдээж цилиндрийн багтаамжийг шууд ихэсгэх нь хөдөлгүүрийн овор, жинг ихэсгэнэ. Цилиндрийн багтаамжийг нэмэлгүйгээр шаталтанд орж байгаа агаарын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл айлын авгай нар гал ноцоохдоо амаараа үлээдэг шиг л агаарыг үлээх хэрэгтэй. Агаар шахах насосоо хөдөлгүүрээс шууд эргэлт авахгүйгээр ажиллуулж болох уу?

Хэрэглэж болохоор эрчим хүчний ямар нөөц бидэнд байна вэ? Хөдөлгүүрээс гарах утааны эрчмийг ашиглаж яагаад болохгүй гэж? Тийм ээ, орчин үеийн турбо хэмээх тодотголтой дизель хөдөлгүүрийг ингэж сайжруулсний дүнд ижил чадалтай боловч турбогүй хөдөлгүүртэй харьцуулахад жин нь ойролцоогоор 50 хувь багасчээ.

Энэ жишээнд бид бэлэн нөөц болох утааг авч хэрэглэжээ. Бэлэн нөөцөөр утаа хэрэглэсэн өөр ч жишээ байдаг.

♦ Бид АКМ-47 гэж бууг багаасаа хүүхэд байхын л киноноос мэддэг. Тэгвэл энэ болон бусад автомат ажиллагаатай бараг бүх буунд, буудсан дарины утааны даралтаар бүлүүр шахагдаж, энэ хөдөлгөөн нь цаашдаа хонгиог авч хаях, сумыг дайзнаас авч сумлах, замгийг цэнэглэх гэх мэт үйлдлүүдийг хийж, буудлагыг автоматаар үргэлжлүүлдэг байна.

Шингэн бодисын хувьд хий, хөөс нь нөөц болдог ба үүний жишээнд бүх төрлийн аврах цагираг, хөвүүрийг нэрлэнэ.

♦ Цагтаа дэлхийн талыг эзэлж, тэнгис далайг гаталж явсан өвөг дээдэс маань гол мөрөн туулахдаа ямааны арьсан тулмаар хийсэн хөвүүр хэрэглэдэг байсан гэнэ.

Сэргээсэн нөөц гэж байгаа байдлаар нь биш, хувиргаж ашигладаг, хувиргахдаа багахаан зардлаар хувиргах боломжтой бодисыг нэрлэдэг. Өмнө үзсэн мөс хайлуулж, төмөр бетон суурийг буулгасан жишээнд сэргээсэн нөөц- мөсийг хэрэглэжээ.

Бидэнд сонирхолтой өөр нэг нөөц бол хоосон байна. Хоосон гэдэг үгээр физикийн шинжлэх ухааны хоосон, эсвэл вакуумыг нэрлэдэггүй, бидний авч үзэж байгаа бодистой харьцангуй ойлголт юм. Боорон дахь бүрдүүлэгч нь биетэй, хатуу бодис байгаа бол хоосон гэдэг нь шингэн буюу хий болно. Хэрэв бодис нь шингэн байгаа бол хоосон нь хий буюу хөөс байна. Тодруулбал, хоосон гэдэг нь авч үзэж байгаа бодисоосоо доод түвшиний, элбэг олдоцтой, үнэгүй буюу маш хямд байх ёстой байна.

Бодлого 9. Манай оронд хотжилт, суурьшилт улам бодитой болохын хэрээр хямд төсөр сууцны хэрэгцээ ихсэж байна. Сүрлэн байшинг их л рекламдаж байгаа ч сүрэл элбэг олддоггүй газарт хямдхан сууцтай болохын тулд Яах вэ?

Бодлого 10. Малчин айлын цахилгаанжуулалтыг шийдэхээр нарны зай, салхин сэнс өргөн хэрэглэж байгаа нь зөв үү? Нарны зай чадал багатай, үнэ ихтэй байдаг бол салхин сэнс зундаа л овоо эргэдэг, өвөл салхи бараг гардаггүй. Гэтэл айл бүрд нүүрс, мод, аргал, хөрзөн түлдэг зуух, пийшин байна, ашиглаж болох бэлэн эрчим байгаа юм биш үү? Жишээлбэл дулааны эрчмийг шууд цахилгаан болгож болохгүй юу, та юу санал болгох вэ. Яах вэ?

Бодлого 11. Өмнөх бодлогын нөхцөл хэвээрээ, харин дулааныг шууд гэрлийн эрчимд шилжүүлье. Тодруулбал хуучин айлууд маань тулганд ил гал түлдэг байхдаа дулаацуулгаа гэрэлтүүлэгтэй хамтад нь болхидуухан ч болохнээ шийддэг байсан бол одоо зууханд гал түлснийхээ “шанд” лаа барьдаг болжээ. Яах вэ?



Бодлого 12. Хөнгөн тэргэнд хүнд ачаатай чиргүүл чирэх үед чиргүүл нь тоормозтой байвал сайн сан, тэгээд тэр тоормоз нь тэрэгний тоормозтой ямар ч холбоогүй мөртөө шаардлагатай үед өөрөө ажилладаг байвал зүгээр сэн. Яах вэ?

Бодлого 13. Ачаа тэргийг гол, мөрөн гатлуулахад ашигладаг бярваазыг хэн хүнгүй киноноос ч болтугай харсан л байх. Бярваазыг шилжүүлж хөдөлгөхдөө дамартай троссыг ихэвчлэн гараараа эргүүлдэг. Өөрөөр байж болох уу? Яах вэ?

Бодлого 14. Цахилгаан дамжуулах шугамаас алс байрладаг хөдөөгийн шатахуун түгээх газарт шахуурга насосыг мөн л гараараа эргүүлдэг, эсвэл бага оврын генератор ашиглаж цахилгаан гарган авч ашигладаг. Насосыг өөр аргаар эргүүлж болох уу? Яах вэ?

§ 1.12 Давааны цаана даваа

Хэн нэгэнд маань орон гэрээ өөд татах шаардлага гарч гэмээн бид гэртээ ямар тавилга тавихаа, эсвэл их бодоод л өөр сууцанд нүүж орох тухай мөрөөднө. Дэлхийн талыг эзэлж, гүрэн улсаа байгуулж явсан их хааны маань айлдсан хоёр сургаалыг эргэн саная.

♦ Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас.

♦ Мориноосоо буулгүй ертөнцийг эзлэх амархан, мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлэх хэцүү.

Эхний сургаалд бие хүн - өрх гэр - төр улс гэсэн гурван өөр түвшний боловч нэг нь нөгөөгөөсөө уламжилсан холбоотой, тодруулбал нэг нь нөгөөгөө багтаасан системүүдийн тухай дурдсан байна. Үүгээр ч зогсохгүй бие хүн бол өрх гэрээс бага буюу доод систем, төр улс нь өрх гэрээс их буюу дээд систем гэсэн санаа бас гарч байна. Мөн доод системээс дээд системд шилжихээс бус дээрээс доош чиглэхгүй гэдэг чиглэлийг бас зааж өгчээ.

Дээд-дунд-доод гурвалсан систем нь хаа сайгүй оршиж байдгийг бид олж харж чадна. Цасан ширхэг-цасан хунгар-зуд, сар-дэлхий-нар, ганц адуу-азарга адуу-таван хошуу мал, сурагч-сургууль-боловсролын систем, компьютер-интернет-мэдээллийн технолог, сонин-сэтгүүлзүй-дөрөвдөх засаглал гэх мэт. Манайхны байнд ч үгүй, банзанд ч үгүй гэх буюу давааны цаана даваа, аваргыг хаяж аварга болно гэдэг хэлц үгнүүд нь дээрх санааг агуулж байна.

Өөр жишээ ч татаж болно. Үүнд :

♦ 1. Дөрвөн хөлтэй ердийн сандлыг сайн хийдэг мужаанд авдар хийх нь төвөгтэй биш байна. Мөн арай томоохон авдар гэж тооцож болох жижгэвтэр байшин барих нь ч санаанд нь багтдаг гэнэ.

♦ 2. Нэгэн зураач шавиараа тарагны шилийг байнга зуруулдаг байж гэнэ. Шавь нь тарагны шилийг зурах юухан байх вэ гээд дорхноо залхдаг гэнэ. Өнөө зураач тарагны шилний ар талд нь өнгөтэй хавтан тавиад дуурайж зур гэхэд л шавьд нь шинэ даалгавар болдог байжээ. Энэ мэтээр солонгын долоон өнгийг ялгаж зуруулж сургажээ.

♦ 3. Утга зохиолд гутаасан, хүүрнэсэн, хүндэтгэсэн өнгөөр өгүүлэх хэлбэр байдаг нь жонхуугаа гудар, хоолоо ид, гүнцэгээ зоогло, чи зайл ,та яв, эрхмээ морил гэсэн хэллэгүүдэд илэрч байна.

Дараагийн сургаалд одоо болон ирээдүй цагийн тухай дурджээ.

♦ Хүрээний зартай баячуудын нэгний хашаанд гал гарч, том хашаадүүрэн байшингууд, доторхи эд хогшил нь шатаад зогссонгүй, хамар хашаанууд руу гал авалцаж олон ч айл модоо барьсан гэнэ. Харин өнөөх баян маань хэдэн өдөр дараалан нурман дээр бөхөлзөж юу ч юм түүж байжээ.Тэгээд хэд хоногийн дараа түймэрт өртсөн бүх айлуудын хохирлыг цалин цагаан мөнгөөр төлж барагдуулж гэнэ.Тэгсэн мань баян үнсэн дотроос галд хайлж урссан гулууз мөнгөө цуглуулж авсан байжээ.

Ерөнхийд нь авч үзвэл дээд- дунд- доод гурвалсан системийг өнгөрсөн- одоо – ирээдүй цаг үед авч үзэх хэрэгтэй гэсэн санааг дээрх сургаалаас авах юм. Өөрөөр хэлбэл шинийг сэдэхдээ авч үзэж байгаа системээ дээд болон доод гурван системтэй нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт зэрэг харах хэрэгтэй юм. Энэ нь яг л манай ардын үлгэрт гардаг “ирсэн ерэн есөн жилийг, ирээгүй ерэн есөн жилийг хардаг шар зурхайч” гэдэг шиг сонсогдож байна.

Энэ бүгдийг нийтэд нь системүүдийн систем гэж нэрлэдэг юм байна. Энд систем-эсрэг системийн тухай ойлголт бас хамрагдана. Техникт эсрэг систем олонтаа тааралддагийн жишээг халаах үүрэгтэй зуух, пийшин гэх мэт, хөргөх үүрэгтэй сэнс, хөргөгч, хөлдөөгч байдгаас харж болно.

Эсрэг систем нь урлагт эсрэг дүрээр тусдаг байна. Эсрэг дүр ямар үүрэгтэй вэ? Эсрэг дүр нь гол дүрийнхээ эерэг, сайн талыг тодруулах үүрэгтэй. Ийм зорилгоор зохиолчид, найруулагчид баримтат сэдэвтэй кинонд эсрэг дүрээс гадна түүхэнд огт байгаагүй туслах дүрийг зохиожшинээр оруулдаг. Үүний жишээ нь: “Сүхбаатар” киноны Гомбо, “Чингис хаан” киноны Чөлүгэн юм.

§ 1.13 Шинийг сэдэх стандарт

Шинийг сэдэх бүх бодлогыг ерөнхийд нь хоёр ангилна. Үүнд:

- Техникийн систем хөгжих хуулиудыг шууд ашиглаж шийдэх бодлогууд

- Хөгжлийн хуулиудыг нь одоохондоо олоогүй байгаа бодлогууд гэж ангилна.

Эхний хэсгийн бодлогуудыг хэвийн бодлого, хоёрдохь хэсгийг ньхэвийн бус бодлогууд гэж нэрлэнэ. Хэвийн бус бодлого нь өнөөдөртөө л хэвийн бус байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр хэвийн болох ирээдүйтэй юм.

Хэвийн бодлогыг бодоход өгөгдсөн систем яаж хувирах ёстойг заасан аргаар бодно. Энэ аргуудыг стандарт гэж нэрлэдэг. Стандартууд нь басстандартын системийг бүрдүүлнэ.

Орчин үеийн стандартын систем нь нийт 77 стандартыг багтаажээ. Эдгээр бүх стандартыг 5 ангид хуваадаг. Үүнд:

1-р анги. Бооронгийн загварыг эвдэх болон байгуулах

2-р анги. Бооронгийн загварыг хөгжүүлэх

3-р анги. Дээд системд буюу бичил түвшинд шилжих, мөн өмнөх хоёрдугаар ангийг үргэлжлүүлэх. Хоёр ба гуравдугаар ангийн стандартууд нь техникийн систем хөгжих хуулиуд дээр түшиглэнэ.

4-р анги. Системийн хэмжилт болон илрүүлэлтийн стандарт. Энэ анги нь ерөнхийдөө 1-ээс 3-р ангитай төсөөтэй.

5-р анги. Стандартыг хэрэглэх стандарт. Энэ шат нь бодлогыг улам хүндрүүлэхгүйгээр стандарт хэрэглэх замыг заана.

Стандартуудын онцлог нь :

- Зөвхөн мэхүүдээс гадна физик үйлчлэлүүдийг багтаасан,

- Мэхүүд болон үйлчлэлүүдийг тодорхой дарааллаар байрлуулсан,

- Мэхүүд болон үйлчлэлүүд нь физик зөрчлийг арилгахад шууд чиглэгдсэн,

- Техникийн систем хөгжих хуулиудтай нягт уялдаатай байдаг зэрэг болно.

Бодлого 15. Дээд сургуульд сурч байсан оюутан ахуй үедээ намар болгон шахуу сангийн аж ахуйд дайчлагдаж машинд ачсан тариаг хүрздэж буулгадаг байлаа. Тариатай машинаа өргөж гэдийлгээд тариаг асгарсны дараа буцааж буулгадаг төхөөрөмж байдаг гэх боловч цахилгаанаар ажилладаг, үнэ ихтэйгээс болоод хөдөөд тэр бүрий байдаггүй байлаа. Яах вэ?

§ 1.14 Төгс төгөлдөр шийдэл

Хүн ямар нэгэн зүйлийг шинээр сэтгэхдээ, урьд нь мэддэг зүйлээ санаандаа төсөөлөөд, дараа нь түүнийгээ өөрийнхөөрөө сайжруулж өөрчилдөг байна. Ингэхийн оронд юунд хүрэх ёстой, ямар байвал хамгийн төгс төгөлдөр байх вэ гэдгийг эхлээд төсөөлөх нь илүү үр дүнтэй байдаг байна. Тодруулбал бодлогыг хариунаас нь бодож байгаатай адил. Гэхдээ нэг зүйлийг сануулахад бүтээн туурвих бодлого математикийнхаас ялгаатай нь олон хариутай байж болдог учир Таны олсон хариу төгс төгөлдөр шийдэл(цаашид ТТШ гэж товчлох)- тэй заавал таарах албагүй юм. Харин төгс төгөлдөр шийдэлтэй хэр зэрэг дөхсөнөөр уг бодлогыг хэр сайн бодсоноо Та өөрөө дүгнэж чадна.

ШинэСэБО- ын тухай ярилцаж суугаад, төгс төгөлдөр шийдэл гэсэн үгийг сонссон нэгэн найз маань ийм шийдэл байж болохгүй хэмээсэн юм. Тийм шүү, бүхэлд нь үзвэл ийм шийдэл үнэхээр байж болохгүй боловч, үйлдлийн хугацаа, үйлдлийн оронд нь авч үзвэл ТТШ байж болно.

Та техникийн систем хөгжих хуулийг зөв таниад, өөрчилж шинэчлэхээр зорьсон системээ хөгжлийнхөө аль үед байгааг зөв тогтоож, хөгжлийн дараагийн шатанд ямар болон хувирах ёстойг мэдэж байлаа гэж тооцъё. Гэлээ ч Та яг дараагийн шатыг бус, тэрний дараагийнх руу ч бус харин ТТШ- ийг л зорих хэрэгтэй. Алс хэтийг зорьсон хүн ойрхон дэргэдэх довыг чиглэлгүй алтан гадас одоор баримжаа авдаг.

Гэхдээ энд тодруулах зүйл бас байнаа. ТТШ рүү чиглэж явах бус, харин нарийндаа бол ТТШ- ээс үйлдлийн цаг, үйлдлийн орон руугаа чиглэх нь зөв юм. Энэ байдал үлгэр домогт ч хүртэл мөрөөдөл маягаар тусдагийг “оосор бүчгүй орд цагаан өргөө” гэсэн зүйрлэлээс харж болно. Бор эсгий голлосон гэртэйгээсээ болоод “борчууд” нэр авсан эгэл ард олны хувьд хамгийн биелэгдэшгүй мөрөөдөл нь цав цагаан, ганц ч оосор бүчгүй гэр л байжээ.

ТТШ- ээс, өөрөөр хэлбэл хариунаас нь хөөж бодвол амархан байх бодлого өөр салбарт ч тохиолддог. Жишээ болгож математикийн доорх бодлогыг өгөв. Үсэгнүүдийн оронд тохирох тоог тавих ёстой шүү.





ТТШ гэж юуг хэлэх вэ? Товчхондоо нэг зүйлийг сайжруулахдаа нөгөөг муутгахгүйгээр хийхийг л хэлж байна. Чухам юуг сайжруулах, юуг муутгахгүй байх вэ гэдгээ өгөгдсөн энэ олон зүйлээс яаж ялгах вэ? Үүний тулд тухайнсистемийн гол үүргийг тодорхойлно. Үзэгний өөрөөр хэлбэл, цаас- үзэг системийн гол үүрэг нь бичих гэх мэтчлэн. Мөн гол үүргээ гүйцэтгэхдээ бодис- оронгийн нөөц, хоосон гэх мэтийг л ашигласан байх ёстой.

ТТШ- ийг олох өөр нэг аргыг би санал болгож байна. Дахиад л зүйрлэсэн жишээ авъя. Телевизийн юм уу радиогийн антеннд нэвтрүүлэг хамгийн сайн баригдах байрлалыг хайхдаа, эхлээд долгион хамгийн муу баригдаж байгаа хоёр байрлалыг тогтоогоод эдгээрийн дундаж байрлалд антеннаа суурилуулах арга байдаг. Яг үүн шигээр тухайн системийн хувьдхамгийн муу шийдэлийг эхлээд хайж олоод, дараа нь үүнийхээ эсрэгээр ТТШ- ийг олох нь хялбар байж болох юм. Гэвч энэ аргыг хамгийн анх санал болгож байгаа учир цаашид сайн туршиж үзэх ёстой.

ТТШ- ийг тодорхойлсон хэдэн жишээ үзье.

♦ 1. Өндөр байшингуудын цонхыг угаах нь нэлээд нүсэр ажил болдог, байшингийн оройгоос тусгай тавцан өлгөөд энэ тавцан дээр алчуур, сойз, савангаар зэвсэглэсэн хүн зогсоод бүх цонхыг савандаж угаадаг... Энэ тохиолдолд ТТШ нь юу байж болох вэ? Өөрөө цэвэрлэгддэг цонхны шил зохиогджээ. Та төсөөлөөд үз дээ, өглөө эрт наран мандахад танай цонхны шил хир тоосноосоо өөрөө сална. Гол нууц нь мэдээж ид шидийн саваа биш, шидэт тарни ч биш, харин хамгийн сүүлийн үеийн нано технолог ашиглан шилний гадаргуу дээр нүдэнд харагдахгүй маш нимгэн бүрхүүл тогтоосонд байгаа аж. Нано технолог гэдэг нь метрийг арвын 10 зэрэгт хуваасантай тэнцэх хэмжээнд л яригддаг үнэхээр нарийн зүйл юм байна. (www.membrana.ru)

♦ 2. Хамгийн сайн дайсан ямар байх вэ? Үхсэн дайсныг л хэлнэ, эсвэл өөрөө үхдэг, өөрөө бууж өгдөг дайсныг хэлнэ. Дайснаа өл хоолгүй болгож, гал тогоог нь эзлэж авах, уналга унааг нь булааж явгалах, сэтгэл санааг нь үймүүлж байлдах чадваргүй болгох нь аль ч орны цэрэг армид өргөн хэрэглэгддэг мэхүүд юм.

♦ 3. Мистер Биний тоглосон нэгэн цувралыг санаж байна уу, аянд явахаар чемоданаа зэхэж байхдаа, шүдний оогоо хүртэл багасгаж бараг бүгдийг нь шахаад асгачихдаг тэр хэсгийг нь... Хамгийн овор багатай, авч явахад тээргүй оо, сойз ямар байх вэ? Сойз нь нугардаг байдаг, ишэндээ углагддаг ч бий, цаашдаа сойзны ишийг дотроо оотой үйлдвэрлэж болох юм. Бүр оо нь шүдээ угаах болгонд өөрөө бага багаар шахагддаг байж болох.

Тэгтэл огт оогүйгээр, сойзыг хөдөлгөхөд бага зэргийн цахилгаан хүч үүсч шүдийг цэвэрлэдэг, бас л нано технолог дээр тулгуурласан, титанын давхар ислээр хийсэн голтой, цоо шинэ сойз Япон улсад бүтээгдэн, худалдаанд гарчээ. (www.membrana.ru)

♦ 4. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Яагаад гэвэл уяа нь тайлагдах магад. Хамгийн сайн зангилаа ямар байх вэ? Явах тутам сулраад байдаггүй, харин ч улам чангардаг, тэгээд бас шаардлагатай үед амархан тайлагддаг уяаг хэлэх байх.

♦ 5. Дээхнэ үед манайд зонхилдог байсан орос машины тоормозыг элэгдэж зай нь холдоход заавал тохируулдаг байлаа. Сүүлийн үеийн барууны тэргэнд ингэх хэрэгцээгүй болж, тоормоз нь элэгдэхээрээ зайгаа өөрөө тохируулдаг болсноос гадна тоормозны даравчаа солих шаардлагатай болсон үед чихарч дуугарч мэдээлдэг болжээ.

♦ 6. Төр засаг маань хятад спирттэй их л тэмцэж, хэр үр дүнд хүрч байгааг бид бүгд харж байгаа. Энэ тохиолдолд ТТШ тодорхойльё.

Хятад эсвэл чанар муутай спирт хилээр оруулахгүй байх нь, хураасан спиртээ устгах нь гол зорилго мөн үү? Мэдээж биш. Хүн ардаа чанар муутай архиар хордуулахгүй байх нь эцсийн зорилго. (Уул нь согтууруулах ундаа-архи гээчийг огт хэрэглэхгүй байвал зохистой ч энэ тохиолдолд тавигдах зорилго биш юм.) Спирт хилээр орж байгааг яаж илрүүлэх вэ гэж биш, харин хулгайгаар спирт оруулахаа яавал өөрсдөө болих вэ гэж бодох ёстой юм.

♦ 7. Өвчилсөн хойно нь эмчлэх үү, урьдчлан сэргийлэх үү? Мэдээж, хоёр дахь замыг сонгоно. Бүх төрлийн вакцин нь анагаах ухаанд ТТШ байж болох уу. Энд сонирхолтой нь бооронгийн нэг нөөц-халдварт нянгийн хортой хүчийг ашиглаж дархлаа үүсгэдэг болгож чаджээ. Гэхдээ ТТШ нь хүн төрөлхтөн тухайн өвчнөөр огт өвддөггүй дархлаатай болох, эсвэл өвчнийг бүрмөсөн устгах юм.

Одоо танд ТТШ- ийн тухай төсөөлөл бий болсон байх. ТТШ- ийн нэг онцлог бол урьд нь саад болж байсан, хортой бодис эсвэл орон нь ашигтай үүрэг гүйцэтгэдэг болох ёстой, жишээ нь уяаг тайлаад байсан хүч нь уяаг чангалах ёстой. Бүр тодруулбал, явах тусам чангарах ёстой, ингэж чангарахад хүн татах, эсвэл ямар нэгэн нэмэлт зүйл хэрэглэхгүй, ачааныхаа жинг ашиглах нь байна.

ТТШ- ийн бас нэг онцлог нь систем өөрийгөө удирддаг, өөрөө ажилладаг, өөрийгөө засдаг, “автомат” болох ёстой. Жишээ нь тоормоз элэгдэх хэрээрээ зайгаа өөрөө тохируулдаг болжээ. Мөн бидний “Нөөцүүд” гэсэн сэдэвт жишээ болгон авч байсан АКМ-47 хэмээх буу нь автомат, өөрөө ажилладаг системийн нэг юм.

ТТШ- ийг тодорхойлсноороо Та шинийг бүтээх стратегээ оллоо гэсэн үг юм.

ТТШ- ээ буруу тодорхойлсон, их тархсан нэгэн тохиолдлыг үзье.

♦ Хүмүүс шинээр мэйл хаяг нээхдээ хүүхдийнхээ нэрээр, эсвэл хүүхдүүдийнхээ нэрийг нийлүүлэх зэргээр шинэ нэр үүсгэж хаяг авдаг. Хэрвээ та нэрээ найзуудаасаа нууцлахыг хүсвэл л ингэх нь зөв байх.

Харин өөрийгөө нуугаагүй бол нэрээ аль болох бүтэн оруулж хаягтай болох нь зөв. Мөн нууц үгээ авахдаа хүмүүсийн санаанд амархан орохооргүй, та өөрөө мартахааргүй, жишээ нь амрагийнхаа нэрийг, эсвэл бүр ээжийнхээ төрсөн газрын нэрийг сонгож болох юм.

ТТШ- ийг ярихад заавал дурдах ойлголтууд бол төгс машин,техникийн төгс систем, төгс бие хүнюм.

Төгс машин гэж гол үүргээ гүйцэтгэхдээ илүү ажил огт хийдэггүй тийм машиныг нэрлэдэг. Ийм машин нь бараг жингүй, эрчим хүч бараг хэрэглэдэггүй, илүү ажил бараг хийдэггүй байх нь. Тийм ээ, ийм юм үлгэрт, эсвэл гайгүй сайн зөгнөлт зохиолд л байдаг байх. Үнэхээр ч менежментийн талаар сүүлийн үед гарч байгаа бүтээлүүд эсвэл барууны фирмүүдийн бүтээгдхүүнийг үзэхэд төгс төгөлдөр шийдлийн тухай ойлголт яах аргагүй санаанд ордог. Энд өөрөө инстол хийдэг программ, зураг авч яриа бичдэг гар утас, хийлдэг гудас диван зэргийг нэрлэж болох юм. Мөн ядуурлаас гарахад чиглэсэн, өөрийн хүчинд тулгуурласан хөгжил зэрэг нь ч жишээ болно.

ТТШ- ийг тодорхойлоход хамгийн их саад болдог зүйл нь бидний хуучинсаг сэтгэхүй юм. Иймд маш зоригтойгоор шинээр сэтгэж, хамгийн байж болшгүй санагдах хувилбарыг ч айж ичилгүй дэвшүүлэх хэрэгтэй ажээ.

Төгс машин нь техникийн систем хөгжих хуулиудийн дагуу бий болох ёстой. Анхны цахиур буу хэдий хол зайд бууддаг байсан, одоогийн буу ямар зайд байгаа онодогийг сана, мөн түүнчлэн анхны компьютер ямар овортой байсныг бид мэднэ.

Техникийн систем хөгжих зүй тогтолыг бид дараагийн сэдвээр үзнэ.

Бодлого 16. Алтны шороон ордод хайгуул хийхдээ 20 метр тутам өрөмдөж, хайгуулын шугам үүсгээд дараагийн шугамаа 200 метр зайтай өрөмддөг. Өрөмдөөд авсан дээжээ усаар угааж гарсан алтыг мянганы нарийвчлалтай жин дээр жигнээд дээжний эзлэхүүндээ жишиж, нийт өрөмдсөн талбайдаа харьцуулж нөөцийг тооцно. Өөрөөр алтыг яаж хайх вэ.Яах вэ?

Бодлого 17. Манай оронд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа алтны уурхайнуудад хэрэглэгддэг ус шахах насосонд шийдэх асуудал тулгарлаа. Насос эрэг дээр нь байрладаг хиймэл цөөрмийн усны түвшин нь хур тундасны хэмжээ, агаарын дулаан гэх мэт цаг агаарын болон бусад хүчин зүйлээс хамаарч байнга хэлбэлзэж ихэсч багасч байдаг. Түвшин ихээхэн буурахад насосны ус сорох хэсэг уснаас ил гардаг бол ихээхэн нэмэгдвэл насосоо живүүлэхгүйн тулд зайлуулж аваад насос тавих суурийг өндөрлөөд буцааж суурилуулдаг, усны түвшин буцаад багасвал дахиад л насосоо аваад суурийг нь намсгадаг... Усны түвшин өөрчлөгдөхөд ус сорох хошууг өргөж буулгадаг татуурга хийсэн нь олигтой болсонгүй. Сорох хошуу нь өөрөө дээшилж, доошлож тохируулагддаг хөвүүр бүхий хийц зохиогджээ, гэхдээ зөвхөн багахан хэмжээнд л тохируулагддаг байна. Түвшин ихээр өөрчлөгдөхөд насосны суурийг бас л өөрчлөх нь. Яах вэ?

Бодлого 18. Алтны эрэл, хайгуулд хоногтоо л 2-3 тн ус хэрэглэдэг. Дүн өвлөөр харзнаас ус соруулдаг насос маань хэт хүйтнээс болж зайрмагтаж хөлдөөд ажилладаггүй. Яах вэ?

§ 1.15 Техникийн систем хөгжих хуулиуд

Техникийн систем хөгжих хуулиудийг тодорхой нэг системийн түүх, техникийн музей, патентын мэдээллийн сан зэрэг дээр тулгуурлан судлана.

Хэрэв бид хүрээлэн байгаа техникийн системүүдээсээ үзэг, харандаа мэт аль нэгэн энгийн системийг сонгож түүхийг нь сонирхвол тэдгээр нь тасралтгүй хөгжиж ирсэн, одоо ч хөгжиж байгааг төвөггүй харж чадна.

Энэ хөгжил нь алгуур хувирал (эволюц), огцом үсрэлт (революц) гэсэн хоёр янз байна. Шинийг сэдэгчид оршиж байсан системийн шинж төрхийг эрс өөрчилж огцом үсрэлт хийж, бүр зарим дэд системийг авч хаядаг бол зохион бүтээгчид алгуур хувирлыг хийж, тухайн системийн хурд, хүч гэх мэт үзүүлэлтийг өөрчилдөг. Жишээ нь цахиур буу одоогийн хурдан гэж нэрлэдэг буу болон өөрчлөгдөхөд дарины хундага мэт эд ангиуд хэрэггүй болжээ.

♦ 1. Бидний багад 80- иад онд балыг нь сольдог, төмөр гэртэй харандаа нүдний гэм байж билээ. Одоо ийм механик харандаанаас гадна олон тусдаа, сольдог, жижиг балтай харандаа ч бий болж. Бал нь хугарах болгонд үзүүрлэх шаардлагагүй болох замаар хөгжиж иржээ.

♦ 2. Миний төрсөн ах маань 1971 онд Улаанбаатар хотод бага сургуульд анх орохдоо дүрдэг үзгээр бичиж, савтай бэхээ цүнхэлж явдаг байсан сан. Энэ үзгээр бэхэнд нэг дүрээд хэдхэн үг л бичдэг байлаа. Харин би 3 жилийн дараа сурагч болохдоо ил хошуутай ч гэсэн бэхээ дотроо хадгалдаг, соруулдаг үзгээр бичиж эхэлсэн. Дахиад 2 жил өнгөрч, 1976 он гарахад охин дүү маань далд хошуутай үзгээр эхэлж бичиж билээ. Эдгээр үзэг нэг соруулсан бэхээрээ хэдэн өдөр бичиж болж байсан юм. Үзэгний хөгжил ингээд хэсэг удааширснаа, миний дунд хүү Төгөлдөр сургуульд орох үед дахин идэвхжиж үзгэн бал гээч гарч ирлээ. Үзгэн бал нь сольдог, гуурстай бэхээрээ бүр олон өдөр бичдэг, бэх соруулж гараа завааруулах шаардлагагүй болжээ.

♦ 3. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараагаар морин хуур их хөгжиж байна. Хуучны хуурны толгойн морины чих их амархан хугардаг гэнэ. Сүүлийн үед чихийг нь савхи зэрэг зөөлөн эдээр хийдэг болсноор хугарахаа болжээ. Хөгжил нь хатуу хөшүүн эдийг зөөлөн эдээр солих чиглэлд явагджээ. Мөн чавхдсыг сатуркаар хийж, чихийг механик чихээр сольжээ.

♦ 4. Манайд модон сийлбэрээрээ алдартай мужаанууд их бий. Сийлбэр бол маш их уйгагүй, гар ажиллагаа шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой. Их хэмжээний эдлэлийг хурдан бас тэгээд чанартай “сийлбэрлэх” арга бий юү? Байнаа, зүмбэрлэх гэж арга байна. Бас бал чулуугаар хэвээ бүрээд, цахилгаан-химийн аргаар төмөржүүлж бүрдэг арга ч бий. Гар хөдөлмөр хөнгөвчилсөн, хими болон бусад шинжлэх ухааны ололт ашигласан тал руу хөгжиж байна.

♦ 5. “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн? Би л сийлсэн” гэж Бодоогийн кинонд хэлдэг үгийг санаж байна уу? Албан газруудын тамга, тэмдгийг хэдэн жилийн өмнө цутгамал үсэгнүүдийг өрж хэв бэлдээд, резин шахаж хийдэг байлаа. Энэ аргаар зөвхөн нэг маягын үсэг, тоо орсон тэмдэг үйлдвэрлэх боломжтой гэдэг нь ойлгомжтой. Одоо ямар ч хэвтэй бичиг, дурын зураг, бүр гэрэл зурагтай тэмдэг хийдэг технолог манайд нэвтэрчээ. Тэгээд бүр энэ тэмдэг нь өөрөөсөө тостой, тусгай тос шаарддаггүй гээч.

♦ 6. Үйлдвэрлэлд хэрэглэдэг хийн гагнуурт хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатай байдаг. Хүчилтөрөгчийг агаараас шахаж шингэрүүлэх аргаар гарган авдаг байсан бол одоо устөрөгчийн хэт ислээс гаргадаг химийн арга дэлгэрчээ.

♦ 7. Автомашины хагарсан олгойгүй дугуйг яаж нөхдөгийг бид мэднэ. Дугуйгаа задалж, обуднаас нь салгаад хагархайг олж зүлгүүрээр үрээд, цавуудаж нөхөөсөө тавьж, чанга дарна. Хагархай дугуйгаа задлахгүйгээр нөхдөг арга гарчээ. Энэ шинэ нөхөөс нь зунгааралдсан олс хэлбэртэй бөгөөд дугуйгаа нөхөхдөө нөхөөсийг шууд цоорхой руу нь шөвгөөр сэтгэж сүвлэнэ. Дараагийн арга нь бүр амархан, дугуйгаа хагарсан үед хошуугаар нь тусгай савтай бодисыг шахахад уг бодис цоорхой руу агаартай хамт очиж нүхийг бөглөнө. Технологийн хөгжил нь хөдөлмөр хөнгөвчилж, зүлгүүр цавуу нөхөөс мэтийг хэрэглэдэг доод үлэг түвшнээс зөвхөн химийн бодис хэрэглэх дээд бичил түвшинд шилжиж явагджээ. Мөн дугуйны хээ нь элэгдсэн үед тусгай будагтай үе цухуйж дугуйгаа солих болсныг мэдээлдэг дугуй, хээ нь элэгдсэн үед хээтэй хэсгийг нь тайлж аваад, шинийг “өмсгөж” солидог дугуй бий болжээ.

♦ 8. Майханы баганыг ихэнхдээ мод, төмрөөр хийсэн байдаг. Тулгуургүй, тодруулбал хатуу тулгуургүй, хана нь өөрийгөө тулж байдаг, хийлсэн ханатай майхан зохиогджээ. Хийлдэг хана нь мэдээж зөөлөн эдээр хийгджээ. Ер нь ч хатуу тулгуур хэсгийг шахсан хийгээр сольсон жишээ нэлээн бий: Хийлдэг гудас, хийлдэг завь, хийлдэг диван, цаашилбал хөвдөг гүүр гэх мэт.

♦ 9. Тээврийн хэрэгслийн газартай тулж байдаг тулгуур болох дугуйг авч үзье. Морин тэрэг, галт тэрэгний дугуй ихэнхдээ хатуу байдаг бол автомашины дугуй шахсан хийтэй. Ердийн дугуйны оронд тракторынх шиг гинжтэй автомашин гарчээ. Мөн хийн дэртэй, өөрөөр хэлбэл шахсан агаарыг газар луу үлээж өөрийгөө өргөж “тулж” явдаг машин гарсан байна. Ийм машин цас, шавар, намаг, бүр усан дээгүүр ч явдаг тул туулах чадвар өндөртэй байх нь ойлгомжтой. Япон улсад соронзон дэртэй хурдан галт тэрэг гараад удаж байна.

♦ 10. Өрөмдөх, цоолох тухай ойлголтыг авч үзье. Бидний мэддэг өрөм гээч нь гангаар хийсэн мушгиа хэлбэртэй, гараар буюу цахилгаан хөдөлгүүрээр эргэлтэнд ордог зүйл байдаг. Их бие нь дундаа нугастай, бас бүхэлдээ уян мөртлөө үзүүртээ иртэй өрөм гарчээ. Дараагийн хөгжил нь даралттай шингэнээр, усаар буудаж цоолдог арга гарчээ. Энэ аргаар зөөлөн эд, юмсыг битгий хэл хатуу мод, төмрийг ч цоолж байна. Цаашдын хөгжил нь мэдээж туяагаар, лазерийн гэрлээр цоолох арга байж таарна. Хөгжил нь өмнөх жишээтэй адил замаар явжээ.

♦ 11. Хүдрийн ихэнх орд тодорхой зузаантай хөрсөн доор байдаг. Уламжлалт аргаар ашиглалт явуулахдаа: Хучаас хөрсийг уулын техникээр хуулж өөр газар асгана, хүдэртэй чулуулгаа үйлдвэрт авчирч бутлаж, тээрэмдээд усаар угааж тунаах аргаар үндсэн металлаа ялгаж авна. Дараа нь үлдэгдэл металлыг химийн бодисуудаар уусгаж аваад, хоосон чулуулгаа өмнө нь ухсан нүх рүүгээ хийж буцааж булна. Уул уурхайн хөгжил яаж явагдаа бол? Эхлээд тээрэмдсэн хүдрээ усаар угааж тунгаалгүй, шууд химийн бодисоор уусгадаг болжээ, дараа нь хүдрээ үйлдвэрт бутлаж, тээрэмдэхээ больж шууд гадаа хөрсөн дээр нуруулдаж, химийн бодисоор уусгадаг болжээ. Дараагийн технолог нь бүр ч энгийн болж, хүдэр байгаа газраа олон удаа өрөмдөөд, өрөмдсөн цооног руугаа химийн бодисоо хийж, ууссан металлаа газар дороос насосоор соруулж авна.

♦ 12. Урьдчлан сэргийлэх тарилга нь анагаах ухааны ТТШ болж уг өвчнийг бүр мөсөн устгах чиглэлд хөгжиж байгаагын илрэл юм. Вакцин анх нэг өвчнээс сэргийлдэг байснаа одоо нэг тарилгаар олон өвчнөөс зэрэг хамгаалах болж сайжирч байна. Цаашдаа вакциныг заавал тарьдаг байхаа больж, амаар уулгадаг шингэн, арьсан дээр наадаг гоюу, шулуун гэдсээр хийдэг лаа гэх мэт хэлбэртэй болно.

Дээрх жишээнүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл техникийн систем нь хатуу хөшүүн байснаа нугастай, зөөлөн, уян болж, улмаар шингэн, даралттай хий, цацраг туяа ашигладаг болж өөрчлөгдөн хөгжиж байна. Энэ явцдаа зарим дэд системийн үүрэг үлдээд, систем нь өөрөө шахагдан алга болж байна.

“Зөрүүд эрийг номхтгосон нь “ гэж орчуулагдан манай оронд гарч байсан нэгэн кинонд италийн нэрт жүжигчин Чилантано эвдэрсэн машин засахдаа, хамар дотроос нь баахан эд ангийг нь сугалан хаяж “засдаг”. Тийм ээ, техникийн дэвшил үнэхээр иймэрхүү маягаар хөгжиж, зарим эд анги, бүр дэд системийг хэрэггүйд тооцож хаядаг.

♦ Бурхан багшийн суугаа дүрийг бүтээхээр зорьжээ. Бүтээлээ олон ч өдөр сараар нухаж, олон ч загвар гаргаж, эцэст нь нүүрний хувирал алганы хээ зэргийг хүртэл гарган урласан гэнэ. Үүгээрээ сэтгэл нь ханасангүй, энэ бүтээлээ жанч өмссөн байдлаар дахин бүтээжээ. Үүнийхээ дараа бүр нөмрөг нөмөргөсөн байдлаар, гэхдээ эхний загваруудын бүх нарийн ширийнийг хадгалсан хэвээр, биеийн хэлбэр нөмрөгний цаанаас харагдахгүй хэдий ч анзаарагдахуйц хийжээ. (Орчин үеийн уран зохиолоос)

Техникийн систем хөгжих хуулиудыг нэрлэе. Үүнд :

- Системийн хэсэг бүрдэх хууль

- Системийн “эрчим дамжих” хууль

- Системийн хэсгүүдийн хэлбэлзэл тохирох хууль

- Систем төгөлдөржих хууль

- Системийн хэсгүүдийн өрөөсгөл хөгжих хууль

- Дээд системд дэвших хууль

- Үлэг түвшингээс бичил түвшинд шилжих хууль

- Бооронгийн зэрэг ихсэх хууль

- S- хэлбэрээр хөгжих хууль болно. Эдгээр хуулийг энэ номын дараагийнхад дэлгэрүүлж үзэх болно.

Үүгээр энэ номын эхний бүлэг төгсөж байна.

Бодлого 19. Би хөдөө гадаа байнга явахад машины маань CD тоглуулагч бартаатай замд “зурагдаад” хөгжим сонсох хэцүү дээ, магнитофон байгаа ч чанараараа яаж CD- ийг гүйцэх вэ дээ. Яах вэ?

2010 оны намар Өмнөговь аймгийн

Мандал-Овоо сумын Олон-Овоотын

уурхайд е-хэлбэрт шилжүүлэв.

batuug@gmail.com



Комментариев нет:

Отправить комментарий