суббота, 2 октября 2010 г.

Шинийг сэдэх арга билэг

Энэ бүлгийг PDF форматаар татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Шинийг сэдэх аргуудын товч түүх

«...Аливаа асуудлыг түүний үүссэн түвшнээс дээд түвшинд авч үзэж баймааж нь шийдэж чадна...».
Альберт Эйнштейн
Шинийг сэдэх хэрэгцээ нь хүн төрөлхтөнд өнө эртнээс байсан нь илэрхий. Бүтээн туурвих түүн дотроо техникийн туурвилын аргачлал боловсруулах гэсэн оролдлого нь бүр эртний Грект гарч байжээ. Ф.Энгельс “Бид шинжлэх ухааны аль ч салбарт эртний Грекчүүдийн гавъяаг зайлшгүй эргэж харахад хүрдэг” хэмээн өгүүлсэн нь бидний авч үзэж буй онолд ч мөн нэгэн адил хамрагдаж байна
“Биднийг яарах тутам, амьдрал биднээс бүүр хурднаар алслах юм даа” гэж эртний грекийн нэрт сэтгэгч Сенека (МЭ 4-69 он) хэлсэнчлэн орчин үеийн үйлдвэрлийн хөгжил хурдассаар, хүний нэгэн насны дотор машин техникийн үе хэд хэдэн удаа солигдож байна. Энэ байдал нь инженерийг мэдлэгээ байнга шинэчлэж, өөрийгөө хөгжүүлж байхыг шаардаж байна. Ингэж өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэдээллийн их урсгалаас хэрэгтэй мэдлэгээ бие дааж олдог, улмаар шийдвэр гаргах чадвартай байх ёстой болж байна.
"Бидэнд, шинийг сэдэх чадвараас гадна түүнтэй уялдан сэдэж бий болгосныг нь хэрэглэх чадвар бүхий мэдлэг шаардагддаг” гэж Платон (МЭӨ 428/427 – МЭӨ 348/347 он) “Диалог” зохиолдоо өгүүлжээ.
Анхны логик системийн суурийг Демокрит (м.э.ө 460-370 оны орчим) тавьсан гэж үздэг байна. Үүндээ тэрээр логикийн задлан шинжилгээ (индукц) болон адилтгах аргад ихээхэн анхаарал хандуулжээ.
Аристотель (м.э.ө 384 – 322 он) нь шинжлэх ухааны зорилго нь юмсыг бүрэн тодорхойлоход оршдог хэмээн үзэж байв. Юмсыг бүрэн тодорхойлох нь гагцхүү задлан шинжлэх болон нэгтгэн дүгнэх (дедукц) аргуудыг хослуулсан цагт биелэнэ.
Эртний грекийн эрдэмтэн, математик, механикч  Архимед  (м.э.ө 287 - 212 оны орчим) нь олон тооны техникийн бүтээлийн эзэн юм. “Эврика” (heureka! - оллоо) хэмээн дуу алдаж нээсэн гэдэг шингэний даралтын хууль нь чухам түүний нэртэй салшгүй холбоотой. Тэрээр стандарт хэсгүүдээс техникийн шинэ хэлбэр бий болгох аргачлалыг гаргажээ. 14 ялтсаар олон янзын дүрс- дуулга, хутга, усан онгоц эвлүүлж болдог, түүний зохиосон тоглоом нь өнөө үед мэдэгдэж байна.
Шинийг сэдэх гоц авъяастнуудын нууц нь юунд байгааг судалдаг шинжлэх ухааны салбар- эвристик аль эрт үүсчээ.
"Эвристик" гэсэн нэр томъёо нь анх манай эриний III зуунд амьдарч байсан грекийн математикч Александрийн Паппагийн бүтээлд дурдагджээ.
Шинийг санаачлагч яаж шинийг сэддэг юм бол? Энэ асуултын хариу нь шинийг сэдэж чаддаггүй ердийн олонхи хүний хувьд төдийгүй, нээлт бүтээл хийгчдэд өөрсдөд нь хүртэл бүрхэг байдаг.
Цаашид үргэлжлүүлэн шинийг сэдэх асуудалд Р.Декарт, Г.Лейбниц, Б.Больцано, А.Пуанкаре нарын философичид, математикчид анхаарал хандуулжээ. Жишээлбэл, Р.Декарт “Ухаанаа удирдах дүрэм” "Правила для руководства ума" гэсэн бүтээлдээ үнэнийг хайх зарчмуудыг санал болгосон байдаг. Энэ бүтээл нь өнөөдөр ч гэсэн үнэ цэнээ алдаагүй учир түүнд тусгагдсан зарим санааг нь товч авч үзье.http://www.koob.ru/decart/pravila_dla_rukovodstva
Декарт, нэгдүгээрт, үнэн худлыг зөв ялгах нь эрүүл саруул ухааны тэмдэг бөгөөд хүмүүн төрөлтөнд бүгдэд нь тэгш заяагдсан чадвар гэж үзжээ. “Ийм маягаар хүн нөгөөгөөсөө ухаанаараа илүү байна гэдэг нь бидний бодол санаа нэг зүйлийн тухайд өөр өөр замаар чиглэж байгаагаас болдог. Ухаан багаддаггүй- гол нь түүнийгээ яаж хэрэглэж байгаа нь чухал” гэжээ. (Их мэдлэгтэй байх нь бага хэрэг, гол нь мэдлэгээ хэрэглэж чаддаг байх нь чухал гэж нэмж ч болох юм)
Декарт ухаанаа сайнаар хэрэглэхийн тулд өнөөг хүртэл чухал хэвээрээ буй дөрвөн зарчмыг тодорхойлсон байдаг. Эдгээрийг, ялангуяа хоёрдахь зарчмыг нь ойлгож хэрэглэх нь биднийг цаашид системийн тулгуур зарчмуудыг үзэхэд хэрэг болох билээ. Үүнд:
Эхний зарчим- “Ямар ч зүйлийг туйлын үнэн гжэ хэзээд бүү авч үзэгтүн".
Хоёрдугаар зарчим- “судлаж буй хүндрэлтэй зүйл бүрээ даван туулахад хялбар болтол нь хэсэглэх”.
Гуравдугаар зарчим- “хамгийн энгийн, ойлгоход хялбар зүйлээсээ эхлээд улмаар бодит холбоо нь хараахан мэдэгдэхгүй байгаа төвөгтэй зүйлүүд рүү шатлан өгсөх гэсэн сэтгэлгээний тодорхой дарааллыг баримтлах”
Хамгийн сүүлийн зарчим- “орхигдуулсан зүйл байхгүйдээ итгэлтэй байхын тулд ерөнхийлсөн багцааллыг байнга бүрдүүлэх” эдгээр болно.
Боломжгүй гэж үзсэн зүйлийн цаана маш их боломж нуугдаж байх удаа бий. Дэлхийн олон орны эрдэмтдийн “байх боломжгүй” гэж тооцсон пуужингийн анхны загварын нэг болох “Фау-2” нь Лондонг бөмбөгдсөнөөр дэлхийн дайны түүхийг өөрчлөх шахсан билээ. Өөр ч иймэрхүү түүх бий. Алдарт эрдэмтэн Эйнштейн нь цөмийн зэвсгийг “боломжгүй” гэж тооцдог байжээ. Эрдэмтэд Е=mc2 гэсэн түүний томъёог мэддэг хэдий ч атомын ганц цөм дотор хадгалагдан байгаа эрчим хүчийг чөлөөлсөн үед ярихад ч багадахаар хэт бага хэмээн голж байжээ. Гэтэл цөмийн физикч Лео Сцилард нэгэн удаа Герберт Уэлсийн бичсэн “Чөлөөлөгдсөн ертөнц” (1914он) номонд цөмийн гинжин урвал явуулах замаар атомын олон цөм дотор хадгалагдаж байгаа хүчийг гарган нэгтгэж болох тухай санааг дурсан санажээ. Ингээд физикч маань хэдэн цуврал туршилт нууцаар хийж, Эйнштейн болон америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельттай захидлаар харилцсаны эцэст Манхэттены төсөл- атомын анхны бөмбөг зохиогджээ.
XVIII - XIX зууны эрдэмтдийн нээсэн цахилгаан, соронзон болон цацраг идэвхийн талаар хийсэн нээлтүүд нь зарчмын хувьд цоо шинэ тээвэр, холбоо, зэвсэг, мөн түүнчлэн ахуйн төхөөрөмжүүдийг бий болгоход түлхжээ. Олон тооны техникийн хийц зохиомжлох хэрэгцээ нь инженер, эрдэмтдийг шинийг сэдэх хэрэглээний шинэ аргын эрэлд мордуулсан байна.
Олон тооны онол үүсч, бүтээлч үйл ажиллагааг тайлбарлаж, идэвхжүүлэх зааварчлага өгч байлаа. Эдгээрээс одоо хүртэл ач холбогдлоо алдаагүй заримыг нь авч үзье.
Зохион байгуулалтын хандлага нь доорх чигтэй:
Судлаачийн тоог болон судлан шинжлэх хамт олны тоог өсгөх; хөдөлмөрийн бүтээмжийг нь өсгөх зорилгоор шинэ техникийн төсөл зохиогчдийг нэгтгэх.
Иймэрхүү нэгдэл нь хөгжсөн улсуудад бараг л нэгэн үүссэн юм. 1871 онд Мюнхены политехникийн дээд сургуулийн дэргэд нам хэмийн техникийн судалгаа эрхэлсэн лаборатори анхлан байгуулагджээ.
Үйлдвэрлэл- судалгааны лабораториудаас хамгийн алдартай нь 1872 онд АНУ- ын Менло-Парк хотод Т.Эдисоны байгуулсан лаборатори байсан юм. Зургаан жил хагасын дотор 300 орчим техникийн шийдэл гарган авсан нь ойролцоогоор 8 хоногт нэг патент ногдож байгаа юм. Патент үйлдвэрлэх нэг ёсны дамжлагын цувралыг бүтээж чадсан А.Белл үүнээс ч илүү амжилтанд хүрч, 1879- ээс 1900 оны хооронд лабораторийн хамт олон нь 3000 патент батлуулжээ. Чухамхүү энэ үед л цахилгаан техник, утсан холбооны үйлдвэрлэлийн үндэс тавигдсан юм.
Ийм маягаар өрнөсөн цаашдын үйл явдал нь лабораторийн тоог огцом өсгөжээ. Жишээлбэл, АНУ- д гэхэд л 1920 онд 300, 1930 онд 1600, 1940 онд 2200, 1967 онд 15000 лаборатори тоологдсон байна.
Идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уралдаантайгаар төсөл зохиох;
“тархийг” хуурах арга нь ихэнхдээ АНУ- ын шинжлэх ухаан, үйлдвэрлэлд тааралддаг
Япончуудын голлох арга нь, туршилт алдааны “аргыг” хязгааргүй эрчимжүүлж, шинийг санаачлагчдын хөдөлгөөнийг дэмжихэд чиглэжээ (“тасралтгүй бод”).
Японд бичсэн номоороо алдаршсан, шинжлэх ухаан- техникийн үйл ажиллагааг идэвхжүүлэх мэргэжилтэн Ясухиро Хиросигийн бүтээлч сэтгэлгээг дасгалжуулах талаар өгсөн 9 зөвлөгөөг сонирхъё:
Өдөр бүр бодох сэтгэх цаг өөртөө гаргаж байх;
Тайвшраад, дараа нь сайн бод;
Өөрийн амжилтаа хэвлүүл;
Өөртөө тодорхой зорилго тодорхойл- энэ нь ирээдүйн амжилтын хязгаарыг заана;
Төвлөрч сур;
Нэгэн хэвээр сэтгэхээс зайлсхий;
Өөрийнхөө бодлоо цаасан дээр бичиж бай;
Бусад мэргэжлийн хүмүүстэй харьцаагаа өргөжүүл;
Үйл ажиллагааны хувьд үргэлж шинийг хайж, байнга оюуны өлсгөлөн бай;
Эдгээр бүх зааварчилгаа нь үнэнхүү тус нэмэртэй хэдий ч гэсэн маш ерөнхий шинжтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Хорьдугаар зуун гарсаар хүн төрөлхтөн шинийг сэдэх бусад аргуудыг бодож олсны нэг нь сэтгэхүйн дайралтын арга юм.
Хүн төрөлхтөн нэлээд олон арга бодож олжээ. Үүнд, сэтгэхүйн дайралт, хэлзүйн шинжилгээний аргыг нэрлэж болно.
Сэтгэхүйн дайралтын аргыг америкийн иргэн Алекс Осборн 1939 онд зохиожээ. Энэ арга нь хоёр шаттай. Сэтгэхүйн дайралтын арга овоо үр дүнд хүрч, энэ аргаар дагнан ажиллаж бизнес хийдэг компаниуд ч байгуулагдаж байжээ.
Шинийг сэдэх өөр нэг арга нь хэлзүйн шинжилгээний арга байдаг. Энэ аргыг швейцарийн одон орон судлаач Фриц Цвикк 1942 онд зохиосон байна.
Синектик буюу янз бүрийн зүйлийн шинж чанарыг хослуулах аргыг Уильям Гордон гэгч америк эр 1952 онд бодож олжээ. Энэ аргын үед нэг зүйлийн шинж чанарыг нөгөө эд юмсад шингээж үздэг.
Зохион бүтээх арга гэгчийг баруун германы судлаач Рудольф Коллер санал болгосон байна. Энэ аргаар бол, хэл зүйн шинжилгээг эд юмсын түвшинд биш харин тэдгээрийн үйлчлэлийн түвшинд хийх юм. Жишээ нь, дамжуулагчаар цахилгааныг дамжуулаад, дараа нь гэрэл нь асдаг байхын оронд эхлээд гэрэл асаад, дараа нь чийдэн рүү дамжина.
Мөн л америкийн иргэн  Чарльз Вайтинг нь төвлөрөх арга гэгчийг зохиожээ. Сонгож авсан эд зүйлдээ өөр дурын юмсын шинжийг шингээж үздэг. Жишээ нь, хүүхдийн чарганд хамелеон гүрвэлийн шинжийг шингээвэл өнгөө солидог чарга үүснэ. Энэ санааг хөгжүүлж, орчны агаарын хэмээс хамаарч өнгө нь өөрчлөгддөг дулаан хэмжигчтэй чарга зохиожээ.
Британы судлаач Эдвард Мэтчетт нь төсөл зохиох арга гэгчийг гаргасан байна. Гол зорилго нь төсөл зохиогч маань бодлого шийдэх явцдаа өөрийн бодлоо удирдах ёстой юм. Аргыг санаачлагч маань энэ зорилгоор “бодох горим” хэд хэдэн янзыг санал болгосон байна. Хэтийн зорилгоор, зэрэгцээ хавтгайд, янз бүрийн өнцгөөс харсанаар, дүр төрхийг нь өөрчлөх гэх мэт.
Цаашдын хөгжлийн явцад бүтээн туурвих бусад аргууд үүссэн байна, жишээлбэл: Тагучигийн арга (Tаguchi), QFD (Quality Function Deployment), “6 Сигма” (Six Sigma), TQM (Total Quality Management) гэх мэт.
Дурдсан аргууд нь нэлээд төвөгтэй бодлогыг шийдэж хүчирдэггүй байна.
Уламжлалт сэтгэлгээгээр нэгэн хэв загварын шийдлээр, үргэлж дундыг барьдаг байна. Өөрөөр хэлбэл нэг үзүүлэлтийг нь сайжруулахдаа хүсээгүй хэдий ч нөгөөг нь муутгадаг байна.
Бүтээлч шийдлээр бодлогын гүнд нь нуугдан буй зөрчлийг илрүүлж, арилгадаг байна.
Шинийг сэдэх бодлогын онол (ШинэСэБО)- ыг Генрих Саулович Альтшуллер боловсруулсан юм. Энэ онол нь бүтээлч бодлогыг шийдвэрлэх болон бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлэхэд зориулагджээ. Бүтээлч сэтгэхүй нь бүтээлч бодлогын гүнд нь нуугдан буй зөрчлийг илрүүлэн шийдвэрлэж чадах цэгцтэй сэтгэлгээ юм.
ШинэСэБО- ын боловсруулахад Г.С.Альтшуллер 1946 оноос эхлэн өөрийн найз Р.Шафирогийн хамт ажиллажээ. Анхлан найзууд шинийг сэдэх онол байдаг гэдэгт итгэж хайцгаажээ. Тэд энэ чиглэлээр олдох бүх л номыг уншсан ч, туршилт алдааны аргыг судалснаас өөр юу ч олоогүй юм.
Тэгээд энэ аргын дутагдалтайг зөвшөөрцгөөж, улмаар 1947 оноос эхлэн техникийн хөгжлийн түүхэнд судалгаа хийж эхэлжээ. Судалгаагаар техникийн хөгжил нь тодорхой зүй тогтолтой байв. Энэ зүй тогтлыг танин мэдэж улмаар бүтээлч бодлогыг шийдвэрлэхэд ашиглаж болно. Энэ бүгдээс зарчмын хувьд цоо шинэ аргалчлалыг боловсруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Аргачлал нь техникийн системийн бодит хууль дээр үндэслэх ёстой. Эдгээр хуулийг илрүүлэхийн тулд маш олон патентыг шүүх шаардлагатай.
Найзууд маань энэ ажлыг хийж, хэдэн мянган патент шүүсний эцэст бүтээлч бодлогыг шийдвэрлэхийн тулд техникийн зөрчлийг илрүүлэн арилгах шаардлага зайлшгүй юм гэдгийг ойлгожээ.
ШинэСэБО нь зөвхөн бүтээлч бодлогыг шийдээд зогсохгүй техникийн системийн цаашдын хөгжлийг ч баримжаалж чаддаг болохыг Та үргэлжлүүлэн уншихдаа мэдэх болно.
Бид хүүхэд наснаасаа эхлэн шинэ бүтээл зохиоход санамсаргүй тохиолдлууд тус болсон тухай зөндөө олонтаа дуулсан билээ.
Архимед гэхэд л усанд ордог онгоцонд хүний биений эзлэхүүнтэй тэнцүү ус түрэгдэж гарч байгааг ажигласны үндсэн дээр “Эврика” (оллоо) гэж хашгиран уснаасаа гарч, шалдан чигээрээ гудмаар гүйсэн гэдэг.
Исаак Ньютон алимны модны доор сууж байхад нь толгой дээрээс нь тасарсан алим унаж, ертөнцийн таталцлын хуулийг нээсэн гэдэг.
Инженер Самюэль Броун гүүрний төсөл зохиохоор толгойгоо гашилган модон доор хэвтэж байхдаа аалзны торыг ажиглаж харснаар цоо шинэ ирээдүйн – дүүжин гүүрний санааг олжээ.
Голландын шил өнгөлөгч З. Янсон өнгөлж байгаад томруулдаг шилнийхээ өөг харах гэж санаандгүйгээр хоёр шилийг давхарлаж бариад, ойрхон байдаг сүмийн хонхыг хартал нь шууд л “нүүрэн дээр нь буугаад” ирсэн гэдэг. Ингэж анхны одны дуран үүссэн байна.
Английн зохион бүтээгч Бессемер ширэм хайлуулах ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Ширмийг тэр үед хайлуулахдаа, хайлж зөөлөрсөн зутан маягийн зүйлийг модоор тасралтгүй хутгадаг байжээ. Харин Бессемер модоор биш уураар хутгахаар оролдсон байна. Гэвч анхны туршилтаар уур нь хайлмаг ширмийг хөргөчөөд байлаа. Мэдээж халуун уур нь хайлмаг ширэмтэй харьцуулбал хүйтэнд тооцогдоно. Яах билээ? Бессемер халуун уурыг илүү их халаах арга хайж байсан хэдий ч нэгэн удаа огт эсрэгээр нь хийж, хайлмаг ширмэн дундуур хүйтэн агаар нэвтрүүлсэн байна. Бодоход, хайлмаг ширэм нь шууд л хөрөөд царчмаар санагдана. Гэтэл яг үнэндээ бол маш хүчтэй урвал явагдаж, шахсан агаарын хүчилтөрөгч нь нүүрстөрөгчтэй исэлдснээс ихээхэн дулаан ялгарч, улмаар урвал улам хурдасчээ.
Жеймс Уаттад анх уурын машинаа хийх санааг буцалж байгаа данх “хэлж” өгсөн гэдэг.
Энэ бүх санамсаргүй зүйл хэт олон тохиолдоод байгаа юм биш үү?
Эдгээр бүтээлүүд санаандгүй зүйл мөн байв уу гэдгийг сонирхож үзье.
Архимедээс эхлэе л дээ. Сиракузын хаан Гиерон өөрийн уран дарханаар алтан титэм урлуулсан байжээ. Гэвч титмийг урлахдаа мөнгө хольж цутгасан гэж хардсны улмаас шалгах үүргийг Архимедэд өгсөн гэж домогт гардаг. Энэ даалгавар нь тухайн цагтаа хүндэд орж байсныг дурдах нь зүйтэй байх. Зөвхөн даалгавраа л бодож байсан Архимедыг усанд орох үед нь түүний биеийн хэмжээтэй тэнцүү ус онгоцноос хальж асгарахыг анзаарчээ.
Зөвхөн ганц энэ биш бусад олон тохиолдолд “санамсаргүй” бүтээсэн бүтээлийн эзэн- инженер, эрдэмтэд өөрийн зүтгэж байсан зүйлээсээ тархи нь салж чадахгүй байдаг. Тэд өөрсдийн салбартаа үнэхээр их мэдлэгтэй байсан нь илэрхий. Өөрөөр хэлбэл, тэд нэрд гарсан бүтээлүүдээ санаандгүй нээгээгүй, нөр их хөдөлмөрийн үр дүн, дээр нь багахан аз таарсан л хэрэг юм.
Техник нь биднийг хүрээлэн байгаа ертөнцийн нэг хэсэг мөн боловч түүнийг хүн бий болгосон гэдгээрээ материйн онцгой төрөл юм.
Хэрвээ боломжгүй зүйлийг ангилах гэвэл 3 хувааж болох юм. Эхний зэрэглэлд би байгалийн хуулиудыг зөрчөөгүй байгаа боловч өнөөдөр боломжгүй технологийг оруулна. Ийм маягаар эдгээр нь бидний амьдран буй эрин зуунд биелэх боломжтой юм. Эдгээрийн тоонд бодол санааг зайд дамжуулах, алсаас мэдрэх, үл үзэгдэгч болж хувирах, зайнаас эд юмсыг зөөх, эсрэг биет ашиглаж хөдөлгүүр хийх орно.
Дараагийн хоёрдугаар зэрэглэлд би саяхан хүртэл бидний физик төсөөлөлд боломжгүй гэгдэж байсан технологуудыг нэрлэнэ. Эдгээрийн тоонд цаг хугацааны машин, огторгуйг гажуудуулж аялах, хар нүхээр нэвтрэх хамаарна. Хэрвээ боломж байх аваас эдгээрийг биелэхэд хэдэн мянган жил шааргдагдах нь тодорхой.
Сүүлийн ангиллыг боломжгүйн III зэрэг гэнэ. Энэ зэрэглэлд орсон технологууд нь бидэнд одоо мэдэгдэж байгаа физикийн хуулиудыг илт зөрчинө. Хамгийн хачирхалтай нь ийм технологийн тоо маш цөөн байгаа явдал юм. Мэдээж эдгээр нь боломжтой болохын хэрээр физикийн тухай бидний мэдлэг тэлнэ.
Яагаад энэ зэрэг хэрэгтэй вэ гэвэл эрдэмтэд зөгнөлт санаануудыг судлахдаа маш олныг нь зүгээр л боломжгүй хэмээн анхаарахгүй орхидог юм. Гэтэл чухамдаа эдгээр санаанууд нь зөвхөн бидний одоогийн соёл иргэншлийн үед л боломжгүй байна. Хэрвээ орчлон ертөнцөд биднээс сая жилээр түрүүлсэн иргэншил байж гэмээн ямархуу технологийн боломжтой байх нь бараг хэлүүлэлтгүй ойлгомжтой биз ээ.
Урьд хэн ч мэддэггүй зүйлсийг сэдэж олох нь нээлт юм. Нээлт гурван янз байдаг тухай би уншсан юм байна. Эхлээд бүх хүмүүсийн мэддэг энгийн зүйлсийг өөртөө нээнэ, дараа нь цөөхөн хүн мэдэх төвөгтэй зүйлийг олж нээнэ, эцэст нь хэний ч олж мэдээгүйг нээнэ.
Шинийг сэдэлтийн үр дүнд техникийн загвар, барааны тэмдэг, жүжиг, кино, дуу гэх мэт оюуны өмч болох шинэ бүтээлүүд үүсдэг. Гэхдээ шинэ бүтээлийн гол шинж нь төрөөс (Оюуны Өмчийн Газраас) гэрчилгээ авахад биш, харин амьдралын хатуу шалгуурыг давахад байна.
Шинийг сэдэх нь оюуны өмч үүсгэж байгаа учир энэ нь нэгэн төрлийн үйлдвэрлэл мөн. Тэгэхээр энэ үйлдвэрлэл цэгцтэй, төлөвлөгөөтэй явагдах ёстой.
Тэгээд ч гол учир нь шинийг сэдэгчид, эрдэмтэд яаж сэтгэж байгаад бус гагцхүү тэдний зохиож, сэдэж, судлан буй техникийн систем маань хэрхэн хөгждөг юм бэ гэдэгт л байсан бөгөөд техникийн систем нь хөгждөг өөрийн зүй тогтол, энэ зүй тогтлыг тусгасан хуулиудтай байдаг юм байна. Тийм ээ, үнэхээр техникийн систем хөгжих хуулиуд бодитоор оршдог гэдгийг Г.С.Альтшуллер анхлан нээжээ. Эдгээр хуулиудийн тухай хойно дахин өгүүлэх болно.
ШинэСэБО Шинийг Сэдэх Бодлогын Онол нь техникт шинийг яаж сэддэг юм вэ гэдэг асуултанд хариулт өгөхөөр анх үүссэн, энэ асуултынхаа хариуг техникийн аливаа систем нь хөгжих өөрийн гэсэн зүй тогтол, өөрийн бодит хуулиудтай, энэ хууль, зүй тогтол нь хувь хүний хүсэл, нийгмийн систем зэргээс хамаардаггүй юм гэж олсон. Нэгэнт бодит хууль оршиж байгаа юм бол бид түүнийг танин мэдэж болно, ингэж танин мэдэхэд тухайлсан арга, мэх хэрэгтэй. Энэ бүгдийг дүгнэвэл ШинэСэБО нь биднийг хүрээлэн байгаа техникийн системүүдийг танин мэдэхэд тусалж байгаа учир энэ онол бол ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан юм гэж би бодож байна.
Байшингийн бүтэн ханыг дүүргэсэн том зургийг холоос бүхэлд нь харж утга учрыг нь ойлгож, бас одоогоор харагдахгүй байгаа далд буюу жижиг хэсгийг ч таах боломжийг ШинэСэБО бидэнд олгож байна.
ШинэСэБО техникийн систем яаж хөгждөг, энэ хөгжлийг яаж танин мэдэх, яаж урьдчилж харах тухай судладаг шинжлэх ухааны онол юм.
ШинэСэБО бол мэдлэгийн шинэ салбар төдийгүй маш түргэн хэлбэржиж байгаа залуу шинжлэх ухаан юм. ШинэСэБО нь өөрийн гэсэн судлагдахуунтай (техникийн систем хөгжил, бүтээлч бие хүн төлөвшил), өөрийн судлах аргатай (патентын мэдээлэл, техникийн түүх, тэдгээрийг зохиогчдийн намтарт шинжилгээ хийх), бүр өөрийн гэсэн хэлтэй (бооронгийн шинжилгээ), өөрийн мэдээллийн сантай (зөрчлийг шийдэх зарчим, арга, мэх болон үйлчлэлийн хэрэглээг заагч) болж амжжээ.
Бүтээн туурвих, шинийг сэдэх эрч нь үйлдвэрлэлээсээ хоцрох бус харин ч түрүүлж байх хэрэгтэй нь тодорхой. Мэдээллийн технологийг яагаад өрнүүн хөгжүүлэх хэрэгтэй вэ гэсэн миний асуултад хариулсан нэгэн багшийнхаа хариултыг санаж байна. Үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд технологийг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй, технологийг дөрөв дахин нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг найм дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэж билээ.
ШинэСэБО бол шинэ техник бүтээх аргын нууцыг, мөн гоц нээлт хийдэг хүмүүсийн нууцыг тайлсан онол юм. ШинэСэБО анх үүссэн зорилтоо биелүүлээд зогсохгүй сэтгэн туурвих бусад салбарт ч нэвтэрч, улам эрч хүчээ авсаар байна.
Сэр Уильям Ослер нэгэнтээ хэлэхдээ: “Нэгэн зууны философ нь нөгөө зуунд хийсвэр байх болж, өчигдрийн тэнэглэл нь маргаашийн мэргэн ухаан болдог” гэжээ.
Гэрийн даалгавар: Өөрийнхөө мэргэжлийн эсвэл сонирхлын дагуу ямар нэг зүйлийн хөгжлийн түүхийг дэлгэрэнгүй судлаарай. Спортын тодорхой салбар, дуу хөгжим, компьютерийн тоглоом, ердийн хобби чинь ч байж болно шүү, хамгийн гол нь Та дуртай зүйлээ сонгоорой.


Шинийг сэдэх арга билэг-1. ШинэСэБО- ын үүрэг, бүтэц

Энэ бүлгийг PDF форматаар татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.
1. ШинэСэБО- ын үүрэг, бүтэц
1.1. ШинэСэБО- ын үүрэг
Шинийг сэдэх бодлогын онол (ШинэСэБО)- ын зохиогч нь Генрих Саулович Альтшуллер бөгөөд энэ талаарх анхны бүтээл нь 1956 онд хэвлэгджээ. ШинэСэБО- ын үндсэн мөн чанар нь техникийн системийн хөгжлийн зүй тогтол болон чиглэл, хуулиудыг илрүүлэн ашиглах юм.
ШинэСэБО- ын үүргийг тодруулж жагсаая.
ШинэСэБО- ын үндсэн үүрэг нь:
  1. Аливаа төрлийн ямар ч хүндрэлтэй шинийг сэдэх болон бүтээлч бодлогыг хувилбаруудыг туршиж үзэлгүйгээр шийдэх.
  2. Техникийн систем болон түүний хөгжлийн үеийн асуудлууд болон бодлогыг илрүүлж, ирээдүйтэй шийдлийг гарган авах.
  3. Бүтээлч бие хүний чадварыг хөгжүүлэх.
ШинэСэБО- ын үндсэн үүрэг нь:
  1. Судалгааны болон шинжлэх ухааны бодлогыг шийдэх.
  2. Техникийн системтэй ажиллах болон түүний хөгжлөөс урган гарсан асуудал бодлогыг илрүүлэх.
  3. Ослын нөхцөл болон гологдлын шалтгааныг арилгаж илрүүлэх.
  4. Олон тооны асуудалд техник болон байгалийн нөөцийг дээд зэргийн үр дүнтэй ашиглах.
  5. Шийдлийг бодитоор дүгнэх.
  6. Бүтээлч дүрслэл болон сэтгэлгээг хөгжүүлэх.
  7. Бүтээлч хамт олныг хөгжүүлэх.
1.2. ШинэСэБО- ын бүтэц
ШинэСэБО- ын бүтцийг харуулъя:
1. Техникийн системийн хууль, зүй тогтол.
2. Мэдээллийн сан.
3. Бооронгийн шинжилгээ (техникийн системийн бүтцийн бодис-оронгийн шинжилгээ).
4. Шинийг сэдэх бодлогын алгоритм – ШинэСАЛ.
5. Ослын нөхцөл болон хүсмээргүй үр дүнг илрүүлэх арга.
6. Системийн шинжилгээ болон синтезийн арга.
7. Үүрэг- өртгийн шинжилгээ.
8. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд.
9. Бүтээлч бие хүнийг хөгжүүлэх онол.
10. Бүтээлч хамт олныг хөгжүүлэх онол.
ШинэСэБО- ын бүх хэсгүүдийг хялбарчлан ойлгохын тулд хоёр хувааж үзэж болно: асуудлыг шийдэх аргууд болон бүтээлч шинж чанарыг хөгжүүлэх аргууд болно.
ШинэСэБО- ын бүтцийг энэ ангиллын дагуу авч үзвэл доорх байдалтай байна. (Зураг 1.)
Зураг. 1. ШинэСэБО- ын бүтцийн бүдүүвч
Зураг. 2. ШинэСэБО- ын бодлого бодоход зориулсан бүтэц
ШинэСэБО- ын бодлого бодоход зориулсан хялбаршуулсан бүтцийг зураг 1.2. – д харуулав.
Мэдээллийн санг доор харуулав. Үүнд:
· Шинийг сэдэх бодлогын шийдлийн стандартын системүүд (бодлогын тодорхой ангийн нэг загварын шийдэл)
· Технологийн үйлчлэл (физикийн, химийн, биологийн, математикийн, тухайлбал, одоогоор хамгийн сайн боловсрогдсон ньгеометрийн) болон тэдгээрийг ашиглах хүснэгт;
· Зөрчлийг арилгах аргууд болон тэдгээрийг хэрэглэх хүснэгтүүд;
· Байгалийн болон техникийн нөөц ба тэдгээрийг ашиглах аргууд.
ШинэСАЛ нь зөрчлийг илрүүлж шийдэхэд ө.х бодлогыг бодоход чиглэсэн хөтөлбөр (үйл ажиллагааны дараалал) юм. ШинэСАЛ нь дотроо: хөтөлбөр, мэдээллийн сангаас эх авах мэдээллийн хангамж болон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх аргуудын нэг хэсэг нь болдог сэтгэхүйн хүчин зүйлүүдийг удирдах аргуудыг багтаана. Дээрхээс гадна ШинэСАЛ нь бодлогыг сонгож авах болон олдсон шийдлийг үнэлэх хэсэгтэй байна. ШинэСАЛ-85-В гэсэн хувилбарыг хавсралтанд орууллаа.
Бооронгийн шинжилгээ (бүтцийн бодис-оронгийн шинжилгээ)өгөгдсөн техникийн системийн бүтцийн загварыг илэрхийлж, түүний шинж чанарыг нь тодотгож, тусгай дүрмийн дагуу бодлогын загварыг хувиргадаг. Ингэснээр бодлого анх тавигдсан үеийн дутагдлыг арилгаж, шийдлийн бүтцийг гарган авдаг. Бооронгийн шинжилгээ нь томъёоны тусгай хэл бөгөөд үүний туслалцаатайгаар техникийн дурын системийг тодорхой (бүтцийн) загвар хэлбэртэй болгон илэрхийлдэг. Иймэрхүү маягаар байгуулсан загварыг тусгайлсан дүрэм болон хуулиудын дагуу хувирган, улмаар бодлогын шийдлийн бүтцийг олдог.
Шинийг сэдэх бодлогын шийдлүүдийн стандартын системийн ангилал болон стандарт нь өөрсдөө ч гэсэн техникийн системийн бооронгийн шинжилгээний үндсэн дээр байгуулагдсан байдаг. Тэр нь үүнээс гадна ШинэСАЛ- ын хөтөлбөрт багтдаг. (зураг 1.1- д сумаар харуулав)
Ослын нөхцөл болон хүсмээргүй үр дүнг илрүүлэх аргыг Б.Л.Злотин ба А.В.Зусман нар үндэслэж, “хорлон сүйтгэх” арга гэж нэрлэжээ. Энэ арга нь ШинэСэБО дээр тулгуурлан, үүргийн системийн болон үг зүйн шинжилгээ, Исизавагийн диаграмм (“загасан нурууны” гэж ч нэрлэдэг) мөн түүнчлэн тусгайлан боловсруулсан хяналтын асуултын жагсаалт ашигладаг юм. Энэхүү аргын тусламжтайгаар тухайн авч үзэж байгаа системд ослын нөхцөл байдал болон хүсмээргүй үр дүнг “зохион байгуулж”, тэдгээрийн үүсч болох магадлалыг тооцдог байна. Ингэхдээ оршин байгаа нөхцөл байдал болон түүний цаашдын өөрчлөлтийн чиг баримжаанд шинжилгээ хийж, асуудлыг шийдэхэд үүсэн гарах зөрчлийг томъёолон шийдвэрлэдэг. Үүнээс гадна онцгой нөхцөл байдал болон хүсмээргүй үр дүн үүсэхээс урьдчилан сэргийлэх аргуудыг шинжлэн, эрж хайдаг.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд нь бүтээлч бодлого шийдвэрлэх үед үүсэн гардаг сэтгэхүйн хөшүүн байдлыг бууруулах боломж олгодог юм.
Мөн түүнчлэн бүтээлч бие хүнийг болон хамт олныг хөгжүүлэх онолууд боловсруулагдсан байна.
Бүтээлч бие хүнийг хөгжүүлэх онол нь бүтээлч бие хүнийг амьдралын зорилготой танилцуулж, шинж төлөвийг тодорхойлно. Бүтээлч хамт олныг хөгжүүлэх онол нь бүтээлч хамт олныг хөгжүүлэх хуулиудыг илрүүлж, ашигладаг.
Бүтээлч бие хүнийг хөгжүүлэх онол нь бүтээлч бие хүний амьдралын зорилготой танилцуулж, шинж чанарыг нь дурддаг. Бүтээлч хамт олныг хөгжүүлэх онол нь бүтээлч хамт олныг хөгжүүлэх хуулийг ашиглаж илрүүлэн гаргадаг.
ШинэСэБО- ын янз бүрийн хэсгүүдийг тодорхой зорилгод хэрэглэж байгааг “ШинэСэБО- ын үүрэг ба бүтэц” гэсэн 1- р хүснэгтэд харууллаа.Техникийн хөгжлийг урьдчилж таамаглахтодорхой бодлогыг хайх болон шийдвэрлэх, мөн түүнчлэн бодлогын шийдлийг дүгнэхэдтехникийн системийн хөгжлийн хуулиуд болон бүтээлч бодлогыг шийдэх стандартын систем, бооронгийн шинжилгээг ашигладаг.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ШинэСэБО- ын бүх хэсгийг ашиглаж болох хэдий ч бүтээлч бие хүнийг хөгжүүлэх аргууд дээр голлон тулгуурлана.
Бүтээлч бодлогыг шийдвэрлэхдээ техникийн системийн хөгжлийн хууль, мэдээллийн сан, бооронгийн шинжилгээ, ШинэСАЛ болонбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргуудыг хэсэгчлэн ашиглана.
ШинэСэБО- ын тусламжтайгаар мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа бодлогыг шийдвэрлэдэг байна. ШинэСэБО- д мэдэгдэж байгаа (стандартын) бодлого гэж зөрчил нь мэдэгдэж байгаа төрлийн, мэдэгдэхгүй байгаа (стандартын бус) бодлого гэж зөрчил нь мэдэгдэхгүй байгаа төрлийн бодлогуудыг тус тус ойлгож үзнэ.
Мэдэгдэж байгаа (стандартын) бүтээлч бодлогуудыг мэдээллийн санг ашиглаж, харин мэдэгдэхгүй байгаа (стандартын бус) бодлогыг ШинэСАЛ- ыг хэрэглэж шийдвэрлэнэ. Шийдвэрлэсэн туршлага хуримтлагдахын хэрээр мэдэгдэж байгаа бодлогын төрөл нэмэгдсээр, бүтцийг нь дахин шинэчлэнэ.
Зураг 1. 3. Бодлогын ангилал (стандарт болон стандарт бус)
Бодлогын ангилал нь юуны түрүүнд бооронгийн шинжилгээний тусламжтайгаар хийгдэнэ. Энэ нь нэг төрлийн гэрэл хугалдаг призмтэй төсөөтэй (зураг 1.3-д харуулав) бөгөөд бодлогыг мэдэгдэж буй (стандарт) болгож задлана. Стандарт бодлогын ангилал болгонд тохирох өөрийн гэсэн стандарт шийдэл байдаг. Стандарт шийдэл нь тодорхой нөхцөлд л тохирдог. Бодлогыг олж, ангилахад ШинэСэБО- ын бусад хэсэг- шалтгаан үр дагаврын холбоос гэх мэтийг ч ашиглаж бас болно.
Иймэрхүү маягаар мэдээллийн санг, юуны өмнө бүтээлч бодлогыг шийдэх стандартуудын системийг ашиглах нь ШинэСАЛ- ыг хэрэглэлгүйгээр бодлогод байгаа зөрчлийг хамгийн дээд түвшинд шийдэх боломж олгодог байна. Энэ нь туршилт алдааны аргын үед зайлшгүй зүйл болдог хувилбаруудыг туршихгүй байх, бодлого бодох нэг ёсны стандарт зам юм.
Орчин үед ШинэСэБО дээр тулгуурласан компьютерын программзохиогдон гарч, шинийг бүтээгчдэд техникийн бодлогыг шийдэхэд төдийгүй ослын нөхцөл байдал болон хүсмээргүй үр дүнг урьдчилан мэдэхэд нь тус болж байна.
ШинэСэБО- ын зарим хэсгүүдийг дэлгэрүүлэн авч үзье. Бодлогыг шийдэхэд зориулагдсан ШинэСэБО- ын бүдүүвчийг Зур.1.2 дээр харууллаа.

Хүснэгт 1. ШинэСэБО- ын үүрэг болон бүтэц
Үүргүүд
Бүтэц
Техникийн системийн хөгжлийн хуулиуд
ШинэСАЛ
Бооронгийн шинжилгээ
МЭДЭЭЛЛИЙН САН
БҮТЭЭЛЧ .... – ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГУУД
Стандартууд
Технологийн үйлчлэл
Мэхүүд
Нөөцүүд
Дүррслэл
Бие хүн
Хамт олон
Физ.
Хим.
Био.
Матем.
1
Техникийн системийн хөгжлийн таамаглал
1
-
2
2
-
-
-
-
-
-
-
-
-
2
Бодлогыг олох
1
-
2
1
3
3
3
3
4
3
4
-
-
3
Бодлогоо сонгох
2
1
-
2
-
-
-
-
-
-
-
-
-
4
Бодлогыг бодох
2
1
2
1
2
2
2
2
2
2
3
-
-
5
Бодолтыг дүгнэх
1
2
2
1
-
-
-
-
-
-
-
-
-
6
Бүтээлч дүрслэлийг хөгжүүлэх
2
-
-
-
-
-
-
-
3
2
1
-
-
7
Бүтээлч бие хүнийг хөгжүүлэх
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
1
-
8
Бүтээлч хамт олныг хөгжүүлэх
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
1
Тайлбар:
Хүснэгтэнд тухайн үүргийн хэр зэрэг чухлыг харгалзан, хэрэглээний дарааллыг тоогоор тэмдэглэв. Тухайн үзүүлэлт нь энэ үүргийн зориулалтаар ашиглагддаггүй үед "-" тэмдгээр илэрхийлэв.
Гэрийн даалгавар: Сонирхдог зүйл, хобби, мэргэжлийнхээ аль нэгэн эд, юмс, үзэгдлийн түүхийг дэлгэрэнгүй судлаарай.
Бодлого 2. Малчидын ихэнх нь гаднаа зоосон салхин сэнсээр цахилгаан гарган авч гэрэлтэй, телевизтэй байдаг. Манай орны эрс тэс цаг уурт салхины хурд заримдаа хэт ихсэж 40м/сек хүрэх нь тохиолддог. Ийм хүчтэй салхи нь сэнсний хэвийн ажиллах горимоос хэтэрч эд ангийг эвдлэх аюултай. Салхи хүчтэй ч шуурсан, ердийн үлээсэн ч ялгаагүй сэнсний эргэлтийг нэгэн хэвийн эргүүлэхийн тулд Яах вэ?